Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох мэдээллийн төв байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-11-22 10:49:01

 

Сүхбаатар /МОНЦАМЭ/. БШУЯ-ны захиалгаар Азийн хөгжлийн банкны 18,9 сая төгрөгийн санхүүжилтээрХөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төсөл”-ийн хүрээнд аймгийн Насан туршийн боловсрол төвд “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох мэдээллийн төв”-ийг байгуулав.

Энэ нь сурагчид болон тэдний эцэг эх, асран хамгаалагчдад ахлах ангид судлах хичээл, хөтөлбөрөө сонгох, 12 дугаар анги төгссөний дараа суралцах мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага болон их, дээд сургууль, мэргэжлийн хөтөлбөрөө сонгох, хөдөлмөрийн зах зээлд ажил хөдөлмөр эрхлэхтэй холбоотой ухаалаг, бодитой шийдвэр гаргахад нь дэмжлэг үзүүлдэг сургуулийн болон сургуулиас гадуурх үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүрэгтэй төв юм. Өөрөөр хэлбэл уг төв ашиглалтад орсноор сурагчид мэдээлэл дутмагаас болж, эсвэл эцэг эхийнхээ хүсэлтээр мэргэжлээ сонгох, өөрийнх нь сонголт биш учир суралцах хугацаандаа дундаас нь орхидог байдлыг буурулах боломжтой гэж үзэж байгаа юм.

Тус төвөөр аймгийн хэмжээний 8-12 дугаар ангийн сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтуудыг зохион байгуулах юм. Төвийг шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслээр тохижуулжээ.

 

Холбоотой мэдээ