ЮНИДО-той хамтын ажиллагаагаа өргөжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2021-12-02 13:18:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО)-ын Ерөнхий бага хурлын 19 дүгээр чуулган өнгөрсөн сарын 29-нөөс энэ сарын 3-нд Бүгд Найрамдах Австри Улсын Вена хотноо “Илүү сайхан ирээдүйг бүтээх нь” сэдвийн дор болж байна.


Чуулганы ерөнхий санал шүүмжлэлд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан цахимаар оролцож, үг хэлэв. З.Мэндсайхан сайд хэлсэн үгэндээ тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, цар тахлын нөлөөгөөр дэлхийн улс орнуудад тулгараад буй хөгжлийн сорилт, бэрхшээлийг даван туулахад ЮНИДО-гийн үүрэг оролцоо, хамтын ажиллагаа нэн чухал болохыг онцлон тэмдэглэв. Мөн  Монгол Улс цаашид тогтвортой хөгжлийн 9 дүгээр зорилтыг хэрэгжүүлэхийн тулд ЮНИДО-той хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.


Энэ удаагийн чуулганаар тус байгууллагын 2019, 2020 оны үйл ажиллагааны тайлан, 2022-2023 оны төсөв, ЮНИДО-гийн эрчим хүч, байгаль орчин, хөдөө аж ахуй, жендерийн эрх тэгш байдал болон эмэгтэйчүүдийн эрхийг нэмэгдүүлэх чиглэлээрх арга хэмжээ зэрэг 30 гаруй асуудлыг хэлэлцэж байна.

Холбоотой мэдээ