Хохирогч болон түүний эцэг эхийн аюулгүй байдлыг хангахыг хүсэв

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
ariunbold@montsame.mn
2021-12-03 10:15:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Дэд тэргүүн Ким Чоль Сан болон Консул Ким Тэ Ван нартай энэ сарын 2-нд уулзлаа.


БНСУ-ын Янгсан хотын дунд сургуульд сурдаг монгол охиныг үе тэнгийнх нь солонгос хүүхдүүд зургаан цагийн турш зүй бусаар харьцаж дарамталсан, бичлэг хийж сүрдүүлсэн хэргийн талаар уулзалтаар ярилцлаа.


ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр БНСУ-д монгол хүүхдийн эрх, эрх чөлөөг ноцтой зөрчиж, биед нь халдан, сэтгэл санааны болон бие махбодын хохирол учруулсан сэтгэл сэртхийлгэм хэрэг гарсанд харамсаж байгаагаа илэрхийллээ. Мөн монгол хүн бүрийг цочирдуулсан энэ хэрэгт Солонгосын тал онцгой анхаарал хандуулж, хэргийг үнэн зөв, бүрэн дүүрэн шалган шийдвэрлэх, гэм буруутай бүх этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэх, хэргийн явц, шийдвэрлэлтийн мэдээллийг Монголын талд өгөх, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчид туршлагатай өмгөөлөгч олж өгөх, хохирогч болон түүний эцэг эхийн аюулгүй байдлыг нэн яаралтай хангах зэрэг асуудлыг БНСУ-ын эрх бүхий байгууллагуудад мэдэгдэхийг хүсэв. Мөн Монгол Улсын иргэд БНСУ-д олноор зорчиж, сурч, ажиллаж, амьдардгийг дурдаад, цаашид Монгол Улсын болон БНСУ-ын иргэний эрх ашиг хөндөгдсөн хэрэг зөрчлийг олон улсын эрх зүйн хэм хэмжээ, гэрээ хэлэлцээрт заасны дагуу хоёр талдаа шуурхай мэдээлж, хамтран ажиллах нь чухал гэдгийг онцлов.


БНСУ-ын ЭСЯ-ны Дэд тэргүүн Ким Сан Чоль болсон үйл явдалд харамсаж байгаагаа илэрхийлэн асуудлыг төвдөө мэдээлж, хариу өгөхөө мэдэгдэв.

Холбоотой мэдээ