Е.Пунцагноров: Математик бүх шинжлэх ухааны хаан бол хөнгөн атлетикийг спортын хатан хаан гэдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-12-09 21:20:58

Увс /МОНЦАМЭ/. Өмнөговь сумын ЕБС-ийн Биеийн тамирын багш, дасгалжуулагч Е.Пунцагноровтой ярилцлаа. Тэрбээр хөнгөн атлетикийн спортоор Увсдаа өнгөлж, улсын аваргад оролцох багийг 10 гаруй жил дасгалжуулсан эгэлхэн хэрнээ энгүй их амжилтын эзэн юм.


-Та хэзээнээс спорттой ажил, амьдралаа холбосон бэ?

-Би 1987 онд Өмнөговь сумын арван жилийн сургуулийг төгссөн. Цэргийн албанаас халагдаж ирээд Биеийн тамирын багш бэлтгэх сургалт явагдаж байгааг сонссон. 1990 онд тухайн үеийн Сум нэгдлийн даргын заавраар Улаанбаатар хотод Багшийн мэргэжил дээшлүүлэх институтад Биеийн тамирын багшийн мэргэжлээр 6 сарын курс төгсөж байлаа. Чадварлаг олон багш нараас туршлага, арга зүйтэй болохоос гадна А.Цэрэндорж багшийнхаа удирдлага дор амжилттай төгсөөд сумандаа ирж байсан. Төрөлх сургуульдаа биеийн тамирын багшаар тасралтгүй 33 дахь жилдээ ажиллаж байна.

-Та яагаад хөнгөн атлетикийн спортод татагдав?

-Би 2003 оноос хөнгөн атлетикийн спортын дасгалжуулагчаар ажиллаж, сумынхаа хүүхэд багачуудыг тэмцээн уралдаанд бэлтгэж байна. Тухайн үед хөнгөний хэмээн цоллогдож байсан Батчулуун багшийн удирдлага, туршлагаас суралцаж, цаашинд хөнгөн атлетикийн спортоор явах нь зүйтэй гэж шийдсэн. Улмаар сургуулийнхаа хөнгөн атлетикийн “Хурд” клубт сүүлийн 18 жил тамирчдыг бэлтгэж байна.

Увс аймгийн улсын багийг 10 гаруй жил дасгалжуулан улсад, бүсэд, аймагт олон амжилтыг гаргалаа. Хэнтий аймаг, Налайх, Төв аймаг гээд олон ч газрын тэмцээнд орж, амжилтын эзэд болсон доо. Тухайлбал, Хэнтий аймгийн Чингис хаан хотноо “Өсвөр үеийн улсын аварга шалгаруулах хөнгөн атлетик”-ийн тэмцээнд 19 аймаг, 6 дүүргийн 500 гаруй тамирчин хурд хүчээ сорин уралдахад манай сургуулийн сурагчид хол тасархай түрүүлэн, 1-р байрт шалгарсан. Мөн 2014-2018 онд аймгийн аваргаар, бэлтгэсэн шавь нар минь 1500 метрийн гүйлтийн төрөлд алт, буухиа гүйлтийн улсын аварга шалгаруулах тэмцээнд багаараа 2-р байр эзэлсэн гээд олон амжилтыг энд дурдаж болно. Увс аймгаа төлөөлөн зөвхөн манай сургуулийн хүүхдүүд эдгээр амжилт гаргаж байгаа нь бахархалтай санагддаг.

-Хурд, тэвчээр шалгасан спортоор сайн тамирчин бэлтгэж, амжилт гаргах гол нууц нь юу вэ?

-Манай клубт ихэвчлэн дотуур байрны хүүхдүүд байдаг. Өдийг хүртэл шавь нар маань бэлтгэлээ хийх орчин нөхцөлөөр хангаж, тэмцээн уралдаанд оролцоход нь бүх талаар дэмжсээр ирсэн сургуулийн үе үеийн удирдлагууд, хамт олондоо баярлаж явдаг. Мөн мэргэжилдээ зүтгэл гаргаж буй багшийг эдийн засгаар нь дэмждэгтэй холбоотой. Тодруулбал шавь нар нь амжилт гаргасан багшийг урамшуулдаг систем байсан ч 2017 оноос хойш тасалдсан. Тэр үед сургууль, аймгийнхаа нэрийг гаргая, давхар аж амьдралд тустай талаасаа хүүхдүүдийнхээ амжилтыг ахиулах сэтгэл, зүтгэл их төрдөг байлаа. Манай нутаг элсэрхэг хөрстэй учраас бэлтгэл хийх нөхцөл бүрдсэн гэж боддог. Элстэй, бартаатай замд бэлтгэл хийсэн тамирчин тэмцээний стандарт замд гүйхээрээ тачигнатал гүйнэ шүү дээ. Ер нь манай сургуулийн багш нар спортод элэгтэй, эмэгтэй багш нарын 70 гаруй хувь нь ямар нэгэн спортоор хичээллэнэ. Өглөө 7 цагт явган алхалт, гүйлт хийдэг. Мөн хөнгөн атлетик гэлтгүй үндэсний бөх, шатар, ширээний теннис зэрэг спортын олон дугуйлан, клуб хичээллэж байна.

-Спорт дотроо хөнгөн атлетикийн спорт тухайн тамирчнаас тэвчээр, хатуужил шаарддаг шүү дээ?

-Математик бүх шинжлэх ухааны хаан бол хөнгөн атлетикийг спортын хатан хаан гэдэг. Энэ спортоор хичээллэсэн хүүхэд бусад бүх спортоор хичээллэх үүд хаалга нь нээгдэж өгдөг. Яагаад гэвэл тэсвэр тэвчээр, уян хатан, хурд зэрэг нийт 5 шинжийг төгс эзэмшсэн тамирчин бусад спортоор хичээллэхэд давуу тал болдог. Ялангуяа тухайн тамирчны зориг, тэвчээрийг шалгадаг шалгууртай. Манай сургуулийн баг тамирчид өвөл, зунгүй хичээллэсний үр дүнд байнгийн бэлтгэлтэй байдаг. Хөнгөн атлетикийн спорт бол хамгийн будлиангүй спорт гэгддэг. Учир нь олон хүний өмнө түрүүлсэн тамирчныг хоёрдугаар байрт оруулах боломжгүй шүү дээ. Миний нэг шавийн хөл өвддөг байсан. Тэрбээр хөнгөн атлетикаар хичээллэх хүсэлтэй ч би зөвшөөрдөггүй байлаа. Хүүхдийн хүсэл сонирхол болохоор өөрөө зүтгэсээр нэг мэдэхэд л жагсаалд ирээд зогсчихдог байсан. Тэр хүүхэд тууштай хөдөлмөрөөрөө одоо энэ спортоор амжилт гаргаад явж байна. 

-Өнгөрсөн он жилүүдэд хөнгөн атлетикийн спортоор таны шавь нар улсад өнгөллөө. Өөр ажлын санал ирж байв уу?

-Өнгөрсөн хугацаанд Өмнөговь сумынхаа ЕБ-ын сургуульд Биеийн тамирын багшаар ажиллахаас гадна хөнгөн атлетикийн спортын дасгалжуулагчаар ажиллалаа. Хичээл, зүтгэлээ үнэлүүлэн 2014 онд Биеийн тамир, спортын “Тэргүүний ажилтан”, Боловсролын “Тэргүүний ажилтан” зэрэг шагнал хүртсэн. Аймгийн Биеийн тамир, спортын газарт Хөнгөн атлетикийн багш, дасгалжуулагчаар ажиллах санал ирсэн ч шилдгүүд ажилладаг газар гээд зүрхлээгүй, мөн нутагтаа ажиллаж, амьдраад дасал болсон болохоор холдохыг хүсээгүй.

а шавь нараа хэр их шахаж шаарддаг бэ?

-Шавь нараа бэлтгэлийн үед их шахна. Эрэгтэй, эмэгтэй гэж ялгахгүйгээр насны онцлогт нь тохируулан ачаалал өгдөг. Өнгөрсөн он жилүүдэд улс, аймгаас медаль авсан сурагчид дунджаар 300 гарсан байх. Аймгийн буухиа гүйлтийн 4х100 метрийн гүйлтэд эхний байруудыг манай хүүхдүүд авах жишээтэй. Гэтэл бусад сургуулийн багш, сурагчид амжилт гаргахыг хүсэж байгаа гэдэг утгаараа залуу багш нартайгаа холбоотой, харилцаатай байж, зөвлөн туслаад явдаг.

Энэ ташрамд Монгол Улсад орчин цагийн боловсролын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойн мэндийг салбарын нийт багш, ажиллагсад, сургуулийнхаа хамт олонд хүргэе.

-Ярилцсанд баярлалаа.

Холбоотой мэдээ