Гал түймрийн улмаас байгаль экологид 3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-12-21 15:56:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд энэ онд Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Ховд, Өвөрхангай, Архангай зэрэг 9 аймгийн 33 суманд нийт 65 удаагийн ой хээрийн түймэр бүртгэгдсэн нь өнгөрсөн оныхтой харьцуулахад 45.7 хувиар буурсан үзүүлэлттэй байна.


Ой, хээрийн гал түймэрт 1783 га ой, 201.638 га хээр, нийт 206.112 га талбай түймэрт өртсөн нь өмнөх оныхтой харьцуулахад ойн талбай 81.4 хувь, хээрийн талбай 0.8 хувь буюу нийт өртсөн талбай 16 хувиар багасжээ.


Мөн гал түймрийн улмаас байгаль экологид 3 тэрбум төгрөг, ой хээрийн гал түймрийг унтраахад 28.8 сая төгрөг зарцуулж, нийт 3.1 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.


Өмнөх оныхтой харьцуулахад унтраахад зарцуулсан зардал 80.2 хувь, нийт учирсан хохирол 3.6 хувиар буурсан үзүүлэлттэй байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Холбоотой мэдээ