Соёлын элч нарын "Сонгодог үдэш" тоглолт болов

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
bolor@montsame.mn
2021-12-28 18:06:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны яам болон Монгол Улсын Соёлын элч нар хамтран гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчид, олон улсын байгууллагын тэргүүн нарт зориулан “Сонгодог үдэш” урлагийн тоглолтыг зохион байгуулав.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нээж хэлсэн үгэндээ, “Улиран өнгөрч буй 2021 он манай улсад орчин цагийн дипломат алба үүссэний 110 жил, худалдааны салбар үүсэж хөгжсөний 100 жил, НҮБ-д гишүүнээр элссэний 60 жил зэрэг олон түүхэн үйл явдал тохиосон онцгой жил байлаа. Эдгээр ойн үйл ажиллагаанд идэвхтэй хамтран оролцохоос гадна сүүлийн жилүүдэд дэлхий нийтээрээ цар тахлын амаргүй цаг үеийг даван туулах хүнд сорилт бэрхшээлтэй тулгарсан үед Монгол Улс дэлхийн улс орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа тасралтгүй үргэлжлүүлж, өндөр дээд түвшний айлчлал, олон чухал төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд ГХЯ-ны үйл ажиллагаанд дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэн  Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчид, олон улсын байгууллагынханд талархал илэрхийлье” гэлээ.


Мөн Монгол Улсыг олон улсад сурталчлах, соёл, урлаг, шинжлэх ухаан, спорт, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бодитой дэмжлэг, хувь нэмрээ оруулж байдаг Монгол Улсын Соёлын элч нарт талархал илэрхийлэв.


Энэ үеэр дэлхийн 18 оронд томилогдсон Монгол Улсын Соёлын 52 элчийг төлөөлж МУГЖ, Олон улсын уралдаануудын шагналт Э.Анхбаяр, МУГЖ, УДБЭТ-ын гоцлол бүжигчин, О.Анужин, МУГЖ Монгол Улсын Консерваторийн дэд профессор, төгөлдөр хуурч С.Саянцэцэг, МУСГЗ продюсер Х.Дамдинсүрэн нар “Сонгодог үдэш”оролцож уран бүтээлээ толилууллаа.

Мөн энэ үеэр “ТИТЭМ-АРТ” академийн тэргүүн, Урлаг судлалын докторант, дэд профессор, “АРИГУН” каллиграфын Уран бичээч, МУСТА Э.Ариунболд “Монголын Эзэнт гүрний Их хаадын захидлууд” монгол уран бичгийн үзэсгэлэнг Монгол Улсын Соёлын элч нарт толилуулав.




Холбоотой мэдээ