“Бээжин-2022” өвлийн олимп, паралимпын наадамд оролцох тамирчдад урамшуулал олгоно

Монголын мэдээ | УЛС ТӨР
ariunbold@montsame.mn
2022-01-19 14:50:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар “Бээжин-2022” өвлийн олимп, паралимпын наадамд оролцох Үндэсний шигшээ багийн тамирчдад 10 сая төгрөгийн нэг удаагийн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн байна.


Энэхүү урамшуулал нь шигшээ багийн тамирчдад бэлтгэл сургуулиа чанартай гүйцэтгэж, дэлхийн өндөр зэрэглэлийн тамирчидтай өрсөлдөж, амжилт гаргахад нь бодит дэмжлэг болно хэмээн үзэж буйг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.


Өнөөдрийн байдлаар, Монгол Улсын гурван тамирчин өвлийн олимп, паралимпын наадамд оролцох эрх аваад байгаа юм. Цаашид Монголын тамирчид тэшүүр, биатлон, пара гүйлтийн цанын төрөлд тус бүр нэг эрх авах өндөр магадлалтай байгаа аж.


Ташрамд дурдахад, “Токио-2020” олимп, паралимпын наадамд оролцсон тамирчдад нэг удаагийн урамшуулал олгож байсан юм.

Холбоотой мэдээ