Монгол, Индонезийн Гадаад харилцааны яамны цахим уулзалт боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2022-01-19 19:06:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, Индонезийн Гадаад харилцааны яамны цахим уулзалт өнөөдөр боллоо.


Уулзалтыг Монголын талаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Индонезийн талаас тус улсын Гадаад харилцааны яамны Ази, Номхон далай, Африкийн бүс нутаг хариуцсан дэд сайд Абдул Кадир Жайлани нар тэргүүллээ.


Талууд цар тахлын нөхцөл байдлын улмаас зарим ажил хойшлоод байгааг энэ оноос сэргээн хэрэгжүүлэхээр ярилцав. Тухайлбал, Монгол, Индонезийн Засгийн газрын хамтарсан комиссын ээлжит хурал, Монгол, Индонезийн  бизнес форумыг энэ оны дундуур зохион байгуулахаар ярилцав. Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудтай тогтоосон харилцааг өргөжүүлэх бодлогын хүрээнд АСЕАН-ы нөлөө бүхий гишүүн Индонез улстай улс төрийн яриа хэлэлцээг бэхжүүлж, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, соёл хүмүүнлэгийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа Монголын тал нотлов.


Дэд сайд Абдул Жайлани Монгол, Индонезийн дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой саяхан тохиосныг дурдаад харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, Монголын талаас санал болгосон иргэдийн эрх зүйн туслалцааны холбогдох гэрээ хэлэлцээрүүдийг байгуулахаа тэмдэглэв. Мөн энэ онд Индонезийн талаас Монгол Улсад төлөөлөгчид айлчлуулж, хамтын ажиллагааны асуудлуудаа урагшлуулах чиглэлд хүчин чармайлт гаргахаа илэрхийлэв. Талууд цар тахлын үеийн хүндрэл бэрхшээлийг хэрхэн даван туулж байгаа талаар мэдээлэл солилцож, олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар ярилцлаа.

Холбоотой мэдээ