Филиппин вакцинд бүрэн хамрагдсан жуулчдыг хүлээж авна

ДЭЛХИЙД | Нийгэм
ankhbayar.abr@yahoo.com
2022-01-28 18:07:21

МАНИЛА. /Reuters/. Филиппин коронавирусний вакцинд бүрэн хамрагдсан гадаадын жуулчдыг 2 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн хүлээн авах шийдвэр гаргажээ.


"Энэхүү шийдвэр нь бидний хөдөлмөр эрхлэлт, тэр дундаа аялал жуулчлалаар амьжиргаагаа залгуулдаг иргэдэд мэдэгдэхүйц тус нэмэр үзүүлэхийн зэрэгцээ зогсонги байдалд байгаа аж ахуйн нэгжүүдэд үйл ажиллагаагаа сэргээхэд дэмжлэг болно" гэж Филиппинийн Аялал жуулчлалын сайд Берна Ромуло Пуяат мэдэгдсэн байна.


Хоёрдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн гадаадын жуулчдыг тусгаарлах хязгаарлалтад хамруулахгүй ч зайлшгүй вакцины бүрэн тунд хамрагдсан, шинжилгээний хариу сөрөг гарсан байх шаардлагатай. Түүнчлэн ирэх сарын 1-ний өдрөөс эх орондоо буцаж ирж буй иргэдэд зориулсан хорио цээрийн дэглэмийг цуцалж байгаа аж.


Филиппинийн аялал жуулчлалын салбарын гол эх үүсвэр нь Япон, БНСУ, БНХАУ-ын жуулчид байдаг байна. Гэвч өнгөрсөн онд эдгээр гурван орноос Филлипинийг зорих жуулчдын тоо 83 хувиар буурч, 1.4 саяд хүрсэн байна. 

Холбоотой мэдээ