Жавхлант шарга МСУХ-ны шинэ удирдлагуудыг сонголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-02-18 16:12:12

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Жавхлант шарга МСУХ-ны бага хурал амжилттай болж, холбоо шинэ бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээр боллоо. Тодруулбал, холбооны тэргүүнд гурван уяач нэр дэвшсэн бөгөөд 106 төлөөлөгч саналаа өгснөөс Т.Баярхүү 85 хүний саналыг авч, Жавхлант шарга МСУХ-ны тэргүүн боллоо. Мөн шинээр 15 тэргүүлэгчийг сонгож, баталгаажуулав.

Холбооны шинэ удирдлагууд орон нутгийн уяачдынхаа эрх ашгийг хамгаалах, уяачдаа нэгтгэх, морин уралдаан болоод монгол адууны үнэлэмжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах ёстойг хурлын төлөөлөгчид хэлж байлаа.


Шинэ тэргүүнээр сонгогдсон Т.Баярхүү хэлэхдээ, сүүлийн хэдэн жил орон нутгийнхаа уяачдын дунд явлаа. Уяачдад тулгамдаж буй асуудал болоод зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай бодлого, шийдвэрүүдийг олж харсан. Тиймээс цаашид энэ бүхнийгээ ажил хэрэг болгох болно. Гишүүдийн бүртгэл шинэчлэхээс ажлаа эхлүүлнэ. Мөн хурдан морины уралдаан зохион байгуулах ажлаа ирэх 5 дугаар сараас эхлүүлж, аймаг болон бүсийн уралдаануудыг дээд түшинд зохион байгуулахаар төлөвлөж байна. Уралдааны бай шагналыг ч өндөр байлгах болно. Уралдааныг монгол, эрлийз гэсэн ангиллаар явуулна. Бид цаг үетэйгээ хөл нийлүүлэх ёстой. Тиймээс эрлийз морьдыг орхигдуулж болохгүй. Харин тусдаа нэг нас болгож уралдуулах байдлаар авч явах ёстой гэв.

Хурлаар зүүн бүсийн хурд болон аймгийн бүсийн уралдаануудыг хэзээ, хаана зохион байгуулах асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. 

Холбоотой мэдээ