Украины тал ОХУ-д эсэргүүцлийн нот бичиг илгээлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2016-07-29 14:52:25

КИЕВ. /TASS/. Крымыг ОХУ-ын Холбооны өмнөд тойргийн бүрэлдэхүүнд нэгтгэх тухай шийдвэр гаргасантай холбогдуулан Украины Гадаад хэргийн яамнаас ОХУ-ын талд эсэргүүцлийн нот бичиг илгээсэн байна.

Нот бичигт дурдсанаар, энэ шийдвэр нь тус улсын газар нутаг болох Крымын хойгийн статуст нөлөөлөхгүй ажээ. 

Эл асуудалтай холбогдуулан НҮБ-д суугаа Украины байнгын төлөөлөгч Владимир Ельченко хэлэхдээ “Оросын эрх баригчдын шийдвэрийн хариуд НҮБ-ын Аюулгүй Зөвлөл /АЗ/ мэдэгдэл гаргах нь зүйтэй гэсэн саналыг тавина” гэж байсан юм. АЗ-өөс гаргах мэдэгдэлд “Украины бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг дэмжиж байгааг илэрхийлэхээс гадна Крымын хойгийг Орост нэгтгэх талаар явуулсан бүх нийтийн санал асуулгын дүнг хүлээн зөвшөөрөхгүй байхыг улс орнуудад уриалсан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолыг” сануулан дурдах ажээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Крымын тойргийг Холбооны өмнөд тойрогт нэгтгэх” тухай зарлигт өчигдөр гарын үсэг зурсан байна.

Холбооны өмнөд тойргийн бүрэлдэхүүнд Бүгд Найрамдах Адыгея улс, Бүгд Найрамдах Халимаг улс, Краснодарын хязгаар, Астрахань муж, Волгоград муж, Ростов муж болон Севастополь хот багтдаг ажээ. 

Сануулан дурдахад, 2014 оны 3 дугаар сарын 16-нд Крымд болсон бүх нийтийн санал асуулгад оролцогчдын 96,77 хувь нь ОХУ-д тус хойг нэгдэхийг дэмжсэн юм. Харин Украин, АНУ болон Европын Холбоо санал асуулгын дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн билээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ