Олон улсын сансрын нисэгчдийн өдөр

МОНГОЛЫН МЭДЭЭ | ТОЙМ
erdenebat@montsame.mn
2022-04-12 11:06:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ(ЗХУ)-ын иргэн Юрий Гагарин 1961 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр “Восток” сансрын хөлгөөр дэлхийг 108 минутад тойрч эх дэлхийдээ эсэн мэнд буцаж ирсэн байдаг. Ингэснээр дэлхийн анхны сансрын нисэгч болж, түүхэнд үлдсэн юм. Энэ нислэгээс хоёр жилийн өмнө сансрын нисэгчдийн отрядад сонгон шалгаруулалт эхэлж, “Восток” хөлгийн ерөнхий зохион бүтээгч С.Королёв “Нас 30, жин 72 кг, өндөр нь 170 см-ээс дээшгүй” гэсэн хатуу шаардлага тавьсан байна. Анхны сансрын нисэгчдийн тэрхүү сонгон шалгаруулалтад Гагарин 20 хүний хамт орж сансрын нисэгчийн бэлтгэлд орсон байдаг.

 

Тэднээс Ю.А.Гагарин болон Герман Титов хоёр тунан үлдэж, бусад нь арын эгнээ рүү шилжжээ. Харин хүн сансарт нисэх болоход Юрий Гагарин сонгогдсон байнаТүүний "Восток" хөлгийг "Восток 8К72К" пуужин зөөгч сансрын тойрог замд гаргажээ. Түүний  орлон нисэгчээр нь Герман Титов томилогдсон байна.

Юрий Гагарин Саратов хотын аж үйлдвэрийн сургуульд суралцаж төгссөний дараа нисэгч болохоор Оренбургийн Агаарын цэргийн офицерын сургуульд 1955 онд элсэн оржээ. Тэрбээр нисэгчийн сургуулиа төгсмөгц Мурманск дахь цэргийн ангид хуваарилагдсан байна. Сансрын нисэгчийн бага сургуулийн тооны багш нь армид нисэгч болж, дайнд оролцохоор явсан нь том нөлөө үзүүлсэн гэдэг.


Түүний эцэг эх нь хамтралын ажилчид байсан. Юрий дээрээ хоёр ахтай, доороо нэг дүүтэйМеталлургийн үйлдвэрийн ажилчнаас хөдөлмөрийн гараагаа эхэлсэн тэрбээр сансарт ниссэнийхээ дараа цэргийн нисэгчээр ажиллаж,  1968  оны 3 сарын 27-ны өдөр МиГ-15УТИ онгоцоор сургуулилтын нислэг үйлдэж байгаад унаж нас барсан юм. Ослын шалтгаан одоо болтол тодорхой болоогүй. Гэхдээ 1986 онд дэлгэгдсэн баримтаас үзвэл тэр хавьд ниссэн Су-11 онгоцны өндөр хурднаас болж үүссэн агаарын урсгалд орж удирдлагаа алдан унасан гэсэн таамаглал дэвшүүлж байсан байна.


Анхны сансрын нисэгчийн дурсгалыг мөнхжүүлэхээр Смоленск мужийн Гжатск хотыг Гагарин гэж нэрлэсэн байна. Мөн ОХУ (ЗХУ)-ын Агаарын цэргийн академид анхны сансрын нисэгчийн нэрийг  олгожээ. Дэлхийд түүний нэртэй олон гудамж талбай бий. Түүний газардсан Смеловка тосгоноос холгүй газар дурсгалын цогцолбор босгосон байх жишээтэйМөн сарны нөгөө талын 250 км-ын тогоотой томоохон өндөрлөгийг түүний нэрээр нэрлэсэн гэж түүхэнд тэмдэглэсэн байх юм.


"Восток‑2" хөлгөөр Герман Титов 1961 оны наймдугаар сарын 6-нд сансарт нисжээ. Дэлхийн анхны сансрын нисэгч эмэгтэй 1963 оны зургаадугаар сарын 23-нд Валентина Терешкова (дуудлагын нэр нь "Чайка) "Восток-6" хөлгөөр сансарт хөөрч, тэнд гурав хоножээ.


Ер нь 1957 оны аравдугаар сарын 4-нд ЗХУ (ОХУ) Спутник-1 нэртэй анхны хиймэл дагуулыг амжилттай хөөргөсөн юм. Үүнээс сарын дараа Спутник-2 хөлгөөр анхны хөхтөн амьтныг сансар руу хөөргөсөн нь гурван настай Лайка хэмээх охин нохой байсан юм билээ. Лайка сансарт хөөрснөөс хойш хэдхэн цагийн дотор хэт халалтын улмаас үхсэн гэж тайлбарладаг. Гэхдээ энэ нохойг хүн сансарт нисэх замыг нээсэн гэж үнэлдэг. Америкчууд 1959 онд Эксплорер 6 хиймэл дагуул хөөргөж, дэлхийн анхны гэрэл зургийг авчээ.


АНУ-ын Ерөнхийлөгч Жон Кеннеди 1961 онд арван жилийн дотор багтаан саран дээр хүн буулгаж, эх дэлхийд нь эсэн мэнд эргүүлэн авчрах үндэсний зорилго дэвшүүлсэн.  Америкийн сансрын нисэгч Нил Армстронг Аполло 11 хөлгөөр нисэж, 1969 оны долдугаар сарын 20-нд  сарны гадаргуу дээр хөл тавьсан анхны хүн болж түүхэнд нэрээ үлдээсэн юм. Нил Армстронг саран дээр алхсаныгаа хүн төрөлхтний хувьд том үсрэлт гэж тодорхойлжээ. Нисэгчгүй сансрын хөлгүүдээс 1960-аад онд сарны гэрэл зургийг авч, дэлхий рүү илгээж байжээ. Харилцаа холбооны болон байрлал тогтоох хиймэл дагуулууд 1970-аад оноос өдөр тутмын хэрэглээ болсон.   


НАСА буюу АНУ-ын Сансар судлалын агентлагийн 1977 оны есдүгээр сарын 5-нд хөөргөсөн Вояжер хөлгийн нислэг эдүгээ 42 жил, зургаан сар гаруй үргэлжилж байна. Вояжер хөлөг 2020 оны гуравдугаар сарын 12-ны байдлаар дэлхийгээс 22.2 тэрбум километр хол аяллаа үргэлжлүүлж, сансрын гүнийг судлах хүн төрөлхтний хүсэл эрмэлзэлд хязгаар байхгүй гэдгийг харуулсаар байна. Энэ бол сансрын орон зайд болсон өнгөрсөн зууны үйл явдлууд.



Эдүгээ сансрын ачаа тээвэрлэлтийн зардал овор хэмжээнээсээ шалтгаалаад 2000-20000 ам.долларын өртөгтэй гэнэ.  Ирээдүйд түүний үнийг бууруулах боломжтой гэж үздэг юм. Хүн болон ачаа тээвэрлэх зардлыг бууруулж чадвал сансрын аялал жуулчлалын ирээдүй тун ойрхон байгаа бололтой.


Сансар судлалын салбарын үр дүнг өнөөдөр хамгийн өргөн дэлгэр ашиглаж буй нь харилцаа холбооны салбар. Дэлхийн тойрог замд бүрэн ажиллагаатай 2218 хиймэл дагуул /2019 оны арванхоёрдугаар сарын байдлаар/ байна. Түүний 1007 нь АНУ, 164 нь ОХУ-ын, 323 нь Хятадынх бол 724 хиймэл дагуул нь бусад улс орнуудынх ажээ. Харин 20 дугаар зуунд сансрын нисэгчийн тухай ярьж байсан бол шинэ зуунд сансрын аялагчийн тухай ярьж байна.


ЗХУ (ОХУ)-ын Дээд зөвлөлийн Тэргүүлэгчийн 1962 оны дөрөвдүгээр сарын 9-ний зарлигаар тус улсад энэ өдрийг сансрын нисэгчдийн өдөр болгон тэмдэглэж эхэлсэн байх юм.  Харин  НҮБ-ын Ерөнхий ассамблейгээс жил бүрийн 4 дүгээр сарын 12-ныг "Олон улсын сансрын нисэгчдийн өдөр" гэж 2011 оны дөрөвдүгээр сарын 8-нд зарлажээ. Энэ  өдөр өнөөдөр тохиож байна.

Холбоотой мэдээ