УИХ-ын гишүүн Т.Доржханд жагсаал зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-05-02 11:27:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Т.Доржханд Монгол Улсын жирийн иргэний хувьд “Өөрсдөө өөрчил. Үгүй бол тар” тайван жагсаалыг энэ сарын 5-ны 12.00 цагт Сүхбаатарын талбайд зохион байгуулах болжээ.


Энэ талаар тэрбээр өнөөдөр хэвлэлийн хурал хийхдээ, “Энэ өдрийн жагсаалаар тогтолцооны өөрчлөлт хийхийг шаардах бөгөөд үүнд залуучуудыг нэгдэхийг уриалж байна. Монгол Улсад Эрдэнэт, Дарханд аж үйлдвэрийн хот, Замын-Үүдэд худалдааны хот, Хархоринд тээвэр, логистикийн хот байгуулж, Багануур, Налайх руу их дээд сургуулиудыг гаргах хэрэгтэй. Мөн төийн хэт данхагар бүтцийг өөрчилж, цомхотгох, сонгуулийг шударга зөв болгох хэрэгтэй. Ингэхийн тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, дээрх асуудлуудыг тусгах шаардлагатай байна. Тиймээс жагсаалаар төрийн хэмнэлтийг хийх, Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг шаардана. Үндсэн хуулийн өөрчлөлтийг бид одоо л хийхгүй бол цаашдаа хөгжил буурай, хаалттай эдийн засагтай улс болох магадлалтай”хэмээв.


Тэрбээр иргэдийн гарын үсгийг цуглуулж, УИХ-д тогтолцооны өөрчлөлт хийхийг шаардах бөгөөд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хүртэл тэмцлээ үргэлжлүүлнэ гэдгээ илэрхийлсэн юм.

Холбоотой мэдээ