Батлан хамгаалах салбарын бодлого чиглэл, үйл ажиллагааг сурталчлах өдөрлөг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-05-15 11:11:22

Дорноговь /МОНЦАМЭ/. Батлан хамгаалах салбарын бодлого чиглэл, үйл ажиллагааг сурталчлах өдөрлөг Дорноговь аймгийн Сайнншанд хотод тавдугаар сарын 14-нд боллоо.

Өдөрлөгт УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, аймгийн Засаг дарга О.Батжаргал болон Дорноговь аймаг дахь цэргийн хүрээний анги нэгтгэлүүд, иргэдийн төлөөлөл оролцов.

Албаныхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж байгаа "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд “Мод үржүүлэг-Агро экологийн сургалтын төв”, батлан хамгаалах салбараас хэрэгжүүлэх “Ногоон хотхон” төслийн хүрээнд Зэвсэгт хүчний 336 дугаар ангид “Эко хотхон” байгуулах бүтээн байгуулалтын ажлын нээлтэд оролцсон юм.

Мөн цэргийн төв эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, үйлчилгээ, Монгол цэргийн музейн үзмэр үзүүлэх, Батлан хамгаалахын төв архивын лавлагаа, Батлан хамгаалах салбарын хууль тогтоомжийг сурталчлах сургалт, хүндэт харуулын жагсаалын болон гардан тулааны үзүүлэх тоглолт, цэргийн хөгжмийн бөмбөрчдийн үзүүлэх тоглолт, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын урлагийн тоглолт зэрэг өргөн хүрээний үйл ажиллагааг ард иргэдэд хүргэв.

Холбоотой мэдээ