Дэрэн сумын Соёлын төвийг Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Дадьсүрэнгийн нэрэмжит болгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-05-26 21:23:35
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ИТХ-ын ээлжит 10 дугаар хуралдаанаас Дэрэн сумын Соёлын төвийг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Гарамын Дадьсүрэнгийн нэрэмжит болгох шийдвэр гаргав. Энэхүү асуудлыг хэлэлцэн  хуралд оролцсон төлөөлөгчид 100 хувь дэмжжээ.

Г.Дадьсүрэн Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 475 дугаар тогтоолоор баталсан Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчийн үндэсний жагсаалтад багтсан 102 өвлөн уламжлагчийн нэг юм.


Тэрээр Дэрэн сумын харьяат. Тэрээр 1943 онд төрж, 1959 онд сумын бага сургуульд аж ахуй, бичиг үсгийн багшаар ажлын гараагаа эхэлсэн бөгөөд 1966-1978 онд тус сумын Найрамдал нэгдэлд малчин, 1979-1982 онд Бумбат бригадын дарга, 1983-1986 онд сумын Худалдаа бэлтгэлийн ангид нярав, 1985-1989 онд морин хуурын цехэд ажилчин, 1990 оноос хойш мал маллан амьдарч байжээ.

1960-аад оноос эхлэн монгол ардын уртын дууг бараат болон боржигон аялгаар дуулж, уртын дуу сонирхогч иргэдийн дунд уртын дууны дугуйлан хичээллүүлж, урын сангаа залуу, хойч үедээ өвлүүлэн үлдээхэд хувь нэмрээ оруулсан байна.

Тэрээр Түмэн эх, Өвгөн шувуу, Хуурын магнай, Дөрвөн цаг, Дуртмал сайхан, Хэрлэнгийн барьяа, Цэвцгэр хурдан шарга, Сэрүүн сайхан хангай, Тэгш таван хүсэл, Энх мэндийн баяр, Асрын өндөр, Богдын өндөр, Түргэн туул, Номин, Сэтэрт шарга, Алиа саарал, Бор борын бялзуухай зэрэг 60 гаруй уртын дууг өвлөн уламжилсан бөгөөд Уяхан замбуу тивийн наран, Цэвцгэр хурдан шарга, Богдын өндөр зэрэг дууг уламжлалт ая дангаар нь заалгасан хүн юм. Төрийн соёрхолт Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, Зууны манлай алдарт уртын дуучин Н.Норовбанзад түүнийг “багш” хэмээн хүндэлдэг байж.

Уртын дууны зэрэгцээ морин хуур урлах дэг сургууль, гийнгоо, ингэ хөөслөх, үнээ өвлөх, бог мал тойглох, цийглэх зэрэг малын уриа дуудлага, боржгин найрын дэг жаягийг залуу хойч үедээ өвлүүлэн сургаж байжээ.

Тэрээр 1976 онд ажилчны урлагийн их наадамд Түмэн эх уртын дуугаар, 1966 онд Бүх ард түмний урлагийн их наадамд Сэрүүн сайхан хангай уртын дуугаар, 1988 онд Ардын язгуур урлагийн их наадамд Өвгөн шувуу дуугаар, 1995 онд боржгин уртын дууны наадамд Хээрхэн халтар дуугаар оролцож, тэргүүн байр эзэлж байсан.

1985 онд морин хуурын цех байгуулж, мартагдашгүй тэмээн толгойтой шанаган хуур, хулсан хуур зэрэг хөгжмийн зэмсгийг сэргээн урлаж, морин хуур урлах ур ухааныг нутгийн иргэддээ зааж өвлүүлэн хуур урлалыг хөгжүүлсэн хүн юм.

Түүний хөдөлмөр, авьяас, өв соёлоо залуу хойч үедээ өвлүүлэн уламжилсан хөдөлмөрийг үнэлэн Ардын хувьсгалын 60, 70, 80 жилийн ойн медаль, 1995 онд Монгол Улсын Соёлын тэргүүний уран сайханч цол тэмдэг, 2004 онд БСШУЯ-наас “Утга соёлын ур чадварыг өндөр түвшинд өвлөсөн Монголын билиг авъяастан”, 2007 онд Шилдэг уртын дууч буюу Монгол Улсын онцлох хүн, 2011 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн хэмээх эрхэм цолоор шагнажээ.

 

Холбоотой мэдээ