БНЭУ-аас Бурхан багшийн их эрдэнийн ринсрэлийг Монгол Улсад зална

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2022-06-08 12:30:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бурхан багшийн их дүйчин өдрөөр Бурхан багшийн их эрдэнийн ринсрэл буюу чандрыг манай улсад зална. Энэ тухай Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс хэвлэлийн хурал хийлээ.


Бурхан багшийн их дүйчин өдөр, аргын тооллын 2022 оны 6 дугаар сарын 14-ний мягмар гараг, билгийн тооллын зуны эхэн илүү сарын шинийн арван тавны билэгт сайн өдөр болно. Эл өдрийг тохиолдуулан Бурхан багшийн их эрдэнийн ринсрэлийг Монгол Улсад залах хүсэлтийг Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам Хамба номун хан, Азийн Буддистуудын энх тайвны бага хурлын ерөнхийлөгч, гавж Д.Чойжамц БНЭУ-ын Засгийн газарт тавьжээ. Энэхүү хүсэлтийг БНЭУ-ын Засгийн газрын тэргүүн Ерөнхий сайд Нарендра Модигоос нааштай хүлээн авч шийдвэрлэсэн нь Бурханы шашны хувьд түүхэн үйл явдал болж байгааг Гандантэгчэнлин хийдийн Хамба лам Д.Чойжамц онцлов.

 

Тэрбээр, “Бурхан багшийн их дүйчин өдрийг тохиолдуулан Энэтхэг улсаас Бурхан багшийн их эрдэнийн ринсрэлийг залж ирж байгаа. Бурхан багшийн чандар энэ сарын 14-нөөс хойш 11 хоногийн турш Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд заларна. Богд хааны ордон музейд заларч байдаг Бурхан багшийн шүдийг Энэтхэгээс ирж буй чандартай хамт Батцагаан дуганд залж, Монголын ард түмэн нийтээрээ мөргөж, асар их буян хураах боломж гарч байгаа юм" гэв.  

Мөн тэрбээр, Бурхан багшийн их эрдэнийн ринсрэлийг ахиж өөр улс оронд залахгүй гэдгийг БНЭУ-ын Засгийн газраас мэдэгдсэн. Иймд манай улс хамгийн сүүлд залж буй орон болж байна. Энэхүү үйл явдал нь Монгол, Энэтхэг улсын найрамдалт харилцаа өндөр хөгжсөний баталгаа болж байгааг тодотгосон юм.

 

Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд М.П.Сингх хэлэхдээ, "Хоёр улс 2000 жилийн тэртээгээс соёлын харилцаатай явж ирсэн. Тал нутгийн иргэдийг нэгтгэдэг зүйл бол бурханы шашин юм. Бидний хамтын өв соёл гэж үздэг. Бурхан багшийн чандрыг Монгол Улсад залж байгаа нь эрт үеэс уламжлалтай соёлын харилцаагаа бататгаж байгаагийн илрэл гэж хэлж болно" гэв


  “Бурхан багшийн нандин шүтээнийг үзвэл, Буддатай уулзсантай адил” гэж Махавамса хэмээх түүхийн он дарааллын эх сурвалжид дурдсан байдаг.


Буддын шашны уламжлалд Бурхан багшийн нандин шүтээнийг дараах байдлаар ангилдаг. Үүнд:

1. Бие лагшингийн их эрдэнийн шүтээн

2. Эд өлгийн ариун шүтээн буюу Бурхан багшийн хэрэглэж байсан бадар аяга, орхимж, бодь мод зэрэг ариун эд зүйлс орно.

3. Номын нандин шүтээнд Бурхан багшийн айлдсан сургаал, ариун судрууд, номын эшлэл, тарни ордог.

Их эрдэнийн шүтээнийг үзсэний ач тус

Их эрдэнийн шүтээнийг харснаар сэтгэл ихээр ариусдаг. Их эрдэнийн шүтээн Монгол Улсад заларснаар цөв арилдаг буюу ган гачиг, зуд тэргүүтэй байгалийн хүчин зүйл амирлаж дарагддаг гэж үздэг байна. Мөн цагаан зүгийн лусууд нь баясаж байдаг хэмээдэг. 

           

Бурхан Багшийн эхийн хэвлийгээс мэндэлсэн, гэгээрлийн хутгийг олсон, нирваан дүрийг үзүүлсэн 3 үйл явдал давхацдаг Их дүйчин өдөр нь Буддын шашинтай дэлхийн улс орнуудын хувьд уламжлал болсон Олон улсын тодотголтой томоохон баярын нэг юм.

НҮБ-ын ерөнхий ассемблейгаас 1999.12.5-ны өдрийн А54\L59 тогтоолоор тус өдрийг Олон улсын тэмдэглэлт өдөр болгон тунхагласан бөгөөд Бурханы шашинтай улс орнуудад бүх нийтийн баяр хэмээн тэмдэглэдэг уламжлал нь энэхүү баярын үнэ цэн, утга учрыг тодотгон харуулж байна.

Монгол Улсын УИХ-ын 2019.12.20-ны өдрийн чуулганаар Бурхан Багшийн их дүйчин өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон хуульчилсан. Олон улсад энэ баярын өдрийг шашин шүтлэг, арьс өнгө, нас хүйснээс үл хамааран ард олон, улс орнууд харилцан ойлголцох, ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч хүндэтгэх, хүмүүнлэг хийгээд буяны үйлст уриалах, түгээх замаар тэмдэглэдэг.


Бурхан Багшийн их дүйчин өдрөөр Гандантэгчэнлин хийдэд шашин соёлын үйл ажиллагаа, Нийслэлийн төв гудамжаар үргэлжлэх “Энэрэл хайр түгээе” уриатай сүрт жагсаал, Шинийн наймнаас арван тавны өдрийг дуустал Бурхан шүтээнд тахил өргөх үйл ажиллагааг зохион байгуулах юм.

Мөн Бурхан багшийн их дүйчин өдрийн баярыг угтан өнгөрсөн хугацаанд Баянгол цэцэрлэгт хүрээлэнд 300 мод, Богд хааны ордон музейн гадаа 500 мод тарьжээ.

Баярын үйл ажиллагаа уламжлал ёсоор сүрт жагсаал, бясалгалын флашмоб, ёслолоос  бүрдэнэ. Сүрт жагсаал Сүхбаатарын талбайгаас МБШТөв-Гандантэгчэнлин хийд рүү чиглэн алхах юм.  

 


 

Холбоотой мэдээ