УИХ-ын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-06-30 12:38:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.


Хуулийн төслийг УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нарын гишүүд өргөн мэдүүлсэн юм. УИХ-аас 2019 оны 11 дүгээр сарын 14-нд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн үр дүнд Ардчилсан намаас 11 гишүүн сонгогдож, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу УИХ дахь Ардчилсан намын бүлэг байгуулсан тухай шийдвэр, бүлгийн гишүүдийн нэрсийн жагсаалтыг УИХ-ын даргад бичгээр ирүүлснийг 2020 оны 7 дугаар сарын 1-ний нэгдсэн хуралдаанд танилцуулсан. Ийнхүү УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуульд заасны дагуу байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулж байна. УИХ дахь Ардчилсан намын бүлэг, бүлгийн гишүүд, Ардчилсан намаас УИХ-ын даргад удаа дараа албан бичиг хүргүүлж, түүнчлэн хоорондоо санал нэгдэхгүй, бүлгийн даргаа хүлээн зөвшөөрөхгүй, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасан бүлгийн эрх, үүргээ хэрэгжүүлж чадахгүй байдалд нэлээд хугацаанд ажиллаа. Эдгээр асуудлыг нэг мөр болгох, бүлгийн дарга, гишүүдийн эрх үүргийг тодорхой болгох, хэрэв бүлгийн нийт гишүүдийн олонх бүлгийн даргыг чөлөөлөх, огцруулах, шинээр томилох талаар санал нэгдвэл, шийдвэрээ УИХ-ын даргад бичгээр ирүүлснийг нэгдсэн хуралдаанд сонсгосноор эрх, үүрэг хэрэгжих зохицуулалтыг тусгасан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан гэж төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа дурдлаа.


Хуулийн төсөл батлагдсанаар УИХ- цөөнхийн бүлгийн эрх, үүрэг тодорхой болж, бүлгийн даргыг чөлөөлөх, огцруулах, шинээр томилох асуудал хуульд заасны дагуу тодорхой болж, бүлгийн тогтвортой ажиллах боломж бүрдэнэ гэж үзжээ. Хуулийн төсөл нь Үндсэн хууль болон бусад хуультай нийцэж байгаа бөгөөд холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах шаардлагагүй бөгөөд хууль батлагдсаны дараа хэрэгжүүлэхэд холбоотой улсын төсвөөс нэмэлт зардал гарахгүй гэж төсөл санаачлагчид үзжээ.


УИХ-ын гишүүн Д.Ганбат “УИХ дахь бүлгийн даргыг чөлөөлөх, огцруулах, шинээр томилох асуудлыг бүлгийн нийт гишүүдийн олонхын саналаар шийдэж, шийдвэрээ Улсын Их Хурлын даргад бичгээр ирүүлнэ” гэснийг “УИХ дахь бүлгийн даргыг чөлөөлөх, огцруулах, шинээр томилох асуудлыг намын төв байгууллага нэр дэвшүүлж санал болгосноор шийдэж, шийдвэрээ Улсын Их Хурлын даргад бичгээр ирүүлнэ” хэмээн өөрчлөх горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.


Ийнхүү хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв. Чуулганаар Үйлдвэрлэл технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна.

Холбоотой мэдээ