Талибууд засгийн эрхэнд гарснаас хойш нэг жилийн хугацаа өнгөрч байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2022-08-15 12:20:10

КАБУЛ. /NHK/. Афганистаны засгийн эрхийг “Талибан” хөдөлгөөн ахин барьж эхэлснээс хойш нэг жилийн хугацаа өнгөрч байна. Гэвч “Талибан”-ы эрх баригчид охид, эмэгтэйчүүдийн эрхийг хязгаарлаж байгаатай холбоотойгоор олон улсын шүүмжлэлд өртсөн хэвээр байна.


Лалын шашинт хөдөлгөөн АНУ-ын цэргүүдийг Афганистанаас гаргах үеэр буюу 2021 оны наймдугаар сарын 15-ны өдөр нийслэл Кабул хотыг хяналтдаа оруулсан юм.


Ийнхүү талибууд лалын шашны хууль тогтоомжийн дагуу засаглалаа сэргээж, улмаар энэ оны эхээр эмэгтэйчүүдийг олон нийтийн газраар явахдаа толгойноос хөл хүртэлх хэсгээ халхлахыг журамласан байна.


Мөн охидыг дунд сургуульд суралцахыг зөвшөөрөхгүй байгаа бөгөөд үүнийгээ зүй зохистой орчныг эхлээд бэлтгэх хэрэгтэй гэж тайлбарлаж байгаа аж.


“Талибан” үүсээд буй нөхцөл байдлыг сайжруулах тухай НҮБ болон бусад байгууллагын шаардлагыг биелүүлэхгүй байгаа бөгөөд одоогоор нэг ч улс орон талибуудын засаглалыг хүлээн зөвшөөрөөгүй байна.


Афганистаны эдийн засгийн хувьд талибууд засгийн эрхэнд гарахаас өмнө ч улсын төсвийн томоохон хувийг бүрдүүлдэг байсан олон улсын тусламжийг авч чадахгүй болсон тул хүнд байдалд байна.


Мөн тус улсад хоол хүнсний хомсдол нүүрлээд байна. Тавдугаар сард Дэлхийн хүнсний хөтөлбөрийн мэдээлснээр, улсын хэмжээнд 18.9 сая хүн хүнсний аюулгүй байдлын ноцтой нөхцөлтэй тулгараад байжээ. Энэ нь хүн амын тэн хагастай тэнцэх тоон үзүүлэлт юм.


“Талибан”-ы удирдагчид олон улсаас санхүүгийн тусламж хүсэж байгаагаас гадна Афганистаны хилийн чанад дахь царцаасан хөрөнгийг чөлөөлөхийг уриалж байна. Талибууд засгийн эрхийг авсны дараа АНУ болон бусад орон дахь хөрөнгийг битүүмжилсэн билээ. 

Холбоотой мэдээ