“Модон урлал: монгол авдар” номд 150 гаруй авдрын цуглуулгыг багтаажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2022-08-19 17:13:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Үндэсний музей, Угсаатны зүйн Гэр музей хамтран “Модон урлал: монгол авдар” тусгай үзэсгэлэнг олон нийтэд толилуулж буй. Үзэсгэлэнгийн каталог номыг хэвлүүлж олон нийтэд өнөөдөр танилцууллаа.

 

Нүүдэлчин монголчуудын амьдралын түүхийг тээсэн эрхэм нэгэн соёлын өв эгэл жирийн авдарт нь монгол түмний соёл уламжлал, гүн ухаан агуулагдаж буйг энэхүү номоос үзэх боломжтой юм.


Уг каталогт Угсаатны зүйн Гэр музей, Монголын Үндэсний музейн цуглуулгаас дээжилсэн шилмэл 150 гаруй авдрын судалгааг танилцуулж байна.

 

Монголын Үндэсний музейн захирал Л.Жаргал хэлэхдээ, “ Монгол авдар нь монголчуудын эдийн дээд ариун сав, мөн айл гэрийн гоо сайхан үзэмж, итгэл бишрэлийг шингээсэн бэлгэдэл тул үе уламжлан үр хүүхдүүддээ үлдээдэг эрхэм эдэд тооцогдоно. Айл гэр гал голомтоо үүсгэн бадраахдаа нүүдэлчин удмын авдар саваа өрх гэрийнхээ хоймортоо залан, өвөг дээдэс, аав ээжээс уламжлан залгамжилсан нандин шүтээнээ үе дамжуулан тахин шүтсээр иржээ. Хэдий жижигхэн ч гэсэн тэрхүү авдарт нь орчлон бүхэлдээ багтдаг юм. Нүүдэлчин монголчуудын амьдралын түүхийг тээсэн эрхэм нэгэн соёлын өвийг таниулах үүднээс энэхүү каталогийг өргөн барьж байна” гэв.

 

Угсаатны зүйн Гэр музейг үүсгэн санаачлагч О.Маш-Эрдэнэ хэлэхдээ, “Цуглуулагч миний бие 2010-аад оноос эртний эдлэлийн дэлгүүрээс гурван хятад модон авдар ихээр нь авч байгааг хараад монголын маань хамаг авдрыг урагш нь зөөгөөд дуусгачих юм биш биз гэсэн бодол төрж, авдраа цуглуулж эхэлсэн дээ. Ингээд ойр дотны хүмүүс манайд хэрэглэхгүй авдар байгаа гэж өгснийг авсаар байтал нэг л мэдэхэд арвин цуглуулгатай болсон. Түүнээс гадна эртний эдлэлийн дэлгүүрүүдээс таалагдсан авдруудаа худалдан авах болсон. Хүмүүс ч намайг мэддэг болсноор авдрууд санал болгодог болсон. Ингээд нэг л мэдэхэд 300 гаруй авдартай болсон юм. Энэхүү авдар сав хэмээх каталог маань хэдэн зуун жил өртөөлөн бидэнд ирсэн соёлын их өв сангийн нэгээхэн хэсэг болох бөгөөд монголчуудын урлаг, гоо зүй өв уламжлалыг үнэлэн хайрлах эрхэм уншигчдад зориулагдсан болно” хэмээв.

 

Тодруулга: Хүн төрөлхтөн нэн эрт үеэс ахуй амьдралын шаардлагадаа нийцүүлэн орон сууц болон ахуйн хэрэглээний олон төрлийн тавилга хэрэгслийг урлаж хэрэглэсээр ирсэн. Тэр дундаа авдар хэмээх эд зүйлсээ хадгалах хайрцаг, сав нь хэдэн мянганы туршид гэрийн хамгийн түгээмэл хэрэглээтэй тавилга болсоор ирсэн юм.

 

Нүүдлийн амьдралын хэвшил бүхий монголчуудын хувьд авдар савны хийц нь энгийн, нүүх суухад тохиромжтой, олон талт хэрэглээний зориулалттай ба хэлбэр хийцээр үхэг, хөвхөн тагтай, нээлэнхий тагтай авдар гэх мэт нэрлэх боловч мөн хийсэн материалаар нь ширэн, модон хэмээн голчлон заах ба ур хийцээр зүмбэртэй, эрээлсэн /шивүүр цоолбор, хээлэх/ сийлбэртэй хэмээн ангилдаг байна. Мөн худалдаа наймаа болон шашин соёлын нөлөөгөөр монголчуудын хэрэглээнд төвөд, хятад, хийцийн авдар савнууд ч түгээмэл байжээ.

 

Холбоотой мэдээ