СҮХБААТАР: БХБ-ын сайд Б.Мөнхбаатар Сүхбаатар аймагт ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-09-20 09:37:40

Сүхбааатар /МОНЦАМЭ/. Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн болон яамны холбогдох газрын дарга нар 9 дүгээр сарын 18,19-ний өдөр тус аймагт ажиллалаа.

Ажлын багийнхан томилолтын эхэнд Сүхбаатар аймгийн Засаг дарга, холбогдох байгууллагын удирдлага, төлөөлөлтэй уулзалт хийж, аймгийн бүтээн байгуулалт, хот төлөвлөлтийн болоод яам, салбарын хэмжээнд хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн талаарх мэдээллийг сонсож, санал солилцов. Уулзалтад УИХ-ын гишүүн Ж.Батсуурь орон нутагт хэрэгжиж буй томоохон төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл өглөө.


9 дүгээр сарын 19-нд БХБ-ын сайд Б.Мөнхбаатар Баруун-Урт суманд барьж буй төв цэвэрлэх байгууламжийн ажлын явцтай танилцаж, байгууламжийг 11 дүгээр сарын 15-ны дотор ашиглалтад оруулж, бохир ус хүлээн авч, тохируулга хийхийг гүйцэтгэгчид үүрэг болголоо. Мөн зарим газрын үйл ажиллагаа, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцаж холбогдох үүрэг, чиглэлийг өгөв.

Тэрбээр, Сүхбаатар аймагт хэрэгжиж буй хатуу хог хаягдлын менежментийн төслийн хэрэгжилттэй танилцан онцлох, бусад орон нутагт жишиг болгон хэрэгжүүлэх шинэ шинэлэг ажлууд их байгааг хэлээд, хуучин хогийн цэгийг нөхөн сэргээж буйтай холбоотойгоор ажлын багийнхны хамтаар мод тарьж, 2022 оны намрын мод тарилтыг албан ёсоор эхлүүлж буйг зарлав.

 

Холбоотой мэдээ