Зохиолч Бөхийн Баастын дурсгалын самбар, баримтат гэрэл зургийн ном, үзэсгэлэнг нээв

ФОТО МЭДЭЭ
batbold.sh@montsame.gov.mn
2022-10-10 08:56:39
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Бөхийн Баастын мэндэлсний 100, 101 жилийн ойд зориулж, түүний 1959-2019 онд амьдарч байсан нийслэлийн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 22 дугаар байрны хананд дурсгалын самбар байрлуулах ёслол 10 дугаар сарын 7-ны өдөр боллоо.


Мөн энэ өдөр MN арт галларейд Бөхийн Бааст зохиолчийн 1956-1980 онд авсан баримтат гэрэл зургуудыг багтаасан Ус хаа ч адилхан. Үзгээр бичээгүй тэмдэглэлүүд I, Бидэнд даарах зав байсангүй. Үзгээр бичээгүй тэмдэглэлүүд II номын нээлт болж, уг номд орсон гэрэл зургууд болон нэрт зохиолчийн бусад архив, эд өлгийн зүйлсээр дэглэсэн үзэсгэлэнг дэлгэлээ. Энэхүү гэрэл зургийн үзэсгэлэн MN арт галларейд 10 дугаар сарын 16-ныг дуустал олон нийтийн хүртээл болох юм байна.


Нэрт зохиолч Бөхийн Бааст 1921 онд Баян-Өлгий аймгийн Алтанцөгц суманд төрсөн, "Алтай хөх дөнөн", "Дөрвөн туужийн Бор" зэрэг олон зохиол бүтээл туурвисан, XX зууны ихэнх үе, XXI зууны эхэн үеийн Монголын уран зохиолын амьд гэрч, үнэт архив болсон уран бүтээлч байв. Тэрээр 2019 онд ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн юм.



















Гэрэл зургийг Н.Батбаяр