“БТС ба Олимпын хөдөлгөөн: түүх, хөгжил” сэдэвт бага хурал болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-10-14 12:48:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад орчин үеийн Биеийн тамир, спортын хөдөлгөөн үүсэж, хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байна.

 

Энэхүү 100 жилийн ойг тохиолдуулан МҮОХ, МҮОА, БТСУХ, Спортын шинжлэх ухаан, биеийн тамирын боловсролын холбоотой хамтран зохион байгуулсан “Биеийн тамир, спорт ба олимпын хөдөлгөөн: Түүх ба хөгжил” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний онол-практикийн бага хурал пүрэв гарагт Олимпик хауст боллоо.

 

Орчин үеийн биеийн тамир, спортын хөдөлгөөн үүсэж хөгжсөний эхлэсний албан ёсны баримт бичгийг жанжин Д.Сүхбаатарын “Ардын хувьсгалын анхдугаар ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” 30 дугаар тушаал (1922 оны 6 дугаар сар) хэмээн үзэж ирсэн байдаг.

 

Энэхүү он тооллыг баримтлан орчин үеийн биеийн тамир, спортын хөдөлгөөн үүсэж, хөгжсөний 70 жил /1992 он/, 80 жил /2002 он/-ийн ойг тэмдэглэн орон даяар өргөн хүрээнд зохион байгуулж иржээ.

 

Бага хуралд МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар,  Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн дарга Б.Эрдэнэваанчиг, МҮОА-ийн Ерөнхийлөгч Ч.Зоригтбаатар, Спортын шинжлэх ухаан, биеийн тамирын боловсролын холбооны ерөнхийлөгч Л.Алтанцэцэг болон 50 гаруй эрдэмтэн, судлаач оролцож, олон сонирхолтой сэдвээр илтгэл өрнүүлэв.

Гадаадын орнуудаас Австрали, ОХУ-ын судлаачид хуралд биечлэн оролцсон бол хурлын эмхэтгэлд 10 улсын 45 эрдэмтэн, судлаач өөрийн эрдэм шинжилгээний ажлаа нийтлүүлсэн байна.

Бага хурлын үеэр эрдэмтэн, судлаачид “Монголын биеийн тамир, спортын шинжлэх ухааны боловсон хүчин бэлтгэж ирсэн түүхийн зарим асуудлууд”, “Сургуулийн насны хүүхдийн бие бялдрын хөгжлийн үзүүлэлт ба сургалтаар хөгжүүлэх боломж”, “Спортын философийг Монголд хөгжүүлэх талаар дахин хөндөх нь”, "Монгол, Хятадын биеийн тамир, спортын харилцааны эхэн үеийн түүх" зэрэг олон илтгэл тавигдсан нь оролцогчдын сонирхлыг ихэд татжээ.

 


Холбоотой мэдээ