АШУҮИС-ийн багш, оюутнуудад “D-Parliament” цахим системийг танилцууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлаас хууль тогтоох үйл хэрэгт иргэд, олон нийтийн оролцоог хангахад чиглэсэн “D-Parliament” цахим системийг нэвтрүүлээд байгаа билээ. УИХ-ын дарга Г.Занданшатар тус цахим системийг иргэдэд танилцуулах, мэдээллийг түгээх цуврал уулзалтуудыг хийж байна. Тэрбээр өчигдөр /2022.10.20/ Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багш, оюутнуудад цахим системийг танилцуулах уулзалтыгзохион байгуулав.
Монгол Улсын Үндсэн хуулийн гуравдугаар зүйлд “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” хэмээн зааж, төрийн үйл хэрэгт иргэдийн оролцоог хангах эрх зүйн үндсийг тавьсан. Энэ эрхийг хангуулах үүднээс энэхүү цахим системийг хэрэглээнд нэвтрүүлсэн тухайгаа уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга онцлов.
Түүнчлэн, “1996 онд манай улсын интернэт хэрэглэгчдийн тоо 500 гаруй байсан бол өнгөрсөн онд энэ тоо 2.6 саяд хүрч, хүн амын 84.7 хувь нь ухаалаг утас хэрэглэж байна. Тиймээс технологийн дэвшлийг ашиглан хууль тогтоох үйл ажиллагаанд залуус оролцох, манлайлах нь чухал гэдгийг тодотгосон юм.
Тухайлбал, боловсролын болон эрүүл мэндийн салбарын хуулийн шинэчлэлд оюутнууд зүйл, заалт бүрээр саналаа илгээж, сэтгэгдлээ үлдээх боломжтой. Мөн эрдэмтэн, судлаачид, салбарын мэргэжилтнүүд ч цахим хэлэлцүүлэг өрнүүлэх талбар буйг танилцууллаа.
Улсын Их Хурлын дарга мөн “D-Parliament” цахим систем нь цахим хувьслаар дамжуулан аливаа нийгмийн асуудлыг дэвшүүлэн тавьж, улмаар Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх, шийдвэр гаргах түвшинд оролцоогоо бодитой нэмэгдүүлэх дэвшилтэт боломж гэдгийг дурдлаа.