СҮХБААТАР: Цагаан зээрт сансрын хүзүүвч зүүлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-11-07 11:49:50

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тус аймгийн нутаг дэвсгэрээс 10 бодгаль цагаан зээрийг барьж хүзүүвчилжээ. Ингэснээр хээрийн зэрлэг ан амьтны хөдөлгөөнийг тандаж, шинээр барих төмөр замын трассын дагуу амьтдад зориулсан гарц гарам байгуулах боломжит газрыг тодорхойлох аж.

Тодруулбал, Монгол орны хээрийн бүсэд шинээр байгуулах Сайншанд-Баруун-Урт, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замд зэрлэг амьтдад зориулсан гарц гарам байгуулах боломжит газрыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр санал болгох, цаашид гарц гармын ашиглалтад тогтмол мониторинг хийхэд шаардагдах мэдээллийг цуглуулах зорилготой юм. Уг ажлыг Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал төслөөс аймгийн БОАЖГ-тай хамтран хийжээ.


Тус аймаг цагаан зээр нутаглахад хамгийн таатай бүс нутаг. Гэвч сүүлийн жилүүдэд цагаан зээрийн толгой цөөрч, улмаар Сүхбаатар аймгийн газар нутгаар сэлгэн нутаглах, дамжин өнгөрөх тохиолдол элбэг болжээ. Энэ нь олон талын хүчин зүйлээс хамаарах ч эдгээрийн нэг нь дэд бүтцийн бүтээн байгуулалттай холбоотой гэж мэргэжлийн хүмүүс хэлж байна.

 

Холбоотой мэдээ