ДАРХАН-УУЛ: Бараа, бүтээгдэхүүний үнийн мэдээллийг ил тавьдаггүй зөрчлүүд илэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-11-21 20:13:46

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан сумын хэмжээнд хүнсний худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 200 гаруй дэлгүүр байдаг. Аймгийн ЗДТГ-ын Өрсөлдөөн зохицуулалт, хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зах зээлийн судалгаа хариуцсан мэргэжилтэн З.Насанбат болон МХГ, СХЗХ, Дархан сумын ЗДТГ-ын холбогдох мэргэжилтэн бусад байгууллага хамтран өнгөрсөн долоо хоногт хүнсний дэлгүүр, зах, худалдааны төв, супермаркет зэрэг худалдаа үйлчилгээний 24 газарт хяналт шалгалт хийжээ.



Хүнсний худалдаа эрхлэгч иргэн, ААНБ-ууд мах, махан бүтээгдэхүүн, сүү, талх, боорцог, хүнсний ногоо зэрэг гол нэрийн борлуулалт ихтэй бүтээгдэхүүнүүдийн үнийг ил тавьдаггүй, баталгаат жингийн хугацаа дууссан, түргэн муудах бүтээгдэхүүнийг ил задгай тавьж касснаас шууд худалддаг зэрэг нийтлэг зөрчлүүд илэрчээ. Эдгээр нь урд өмнө илэрч байсан зөрчлүүд аж. Тухай бүрд нь үнийн бодит мэдээллийг ил, тодорхой байршуулах үүргийг өгдөг ч алдаа дутагдлаа давтдаг ажээ. Энэ удаад ч мөн холбогдох байгууллагуудын хамтарсан ажлын баг ААНБ-уудад зөрчлөө арилгах хугацаатай албан мэдэгдэл өгчээ.



Өрсөлдөөн зохицуулалт, хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зах зээлийн судалгаа хариуцсан мэргэжилтэн зарим дэлгүүрт өмнөх хяналт шалгалтын хэрэгжилтийн биелэлтийг шалгахад гурван дэлгүүр зөрчлөө арилгасан, нэг дэлгүүрийн зөрчил хэвээр байжээ.



Хэрэглэгчид үйлчлүүлж буй дэлгүүр, зах, худалдааны төвд шаардлага тавих, худалдан авах бараа бүтээгдэхүүнийхээ үнэ, хаяг шошго, шинжилгээний бичиг зэргийг өөрсдөө нягтлан шалгах эрхтэй аж.

Тиймээс нийтийн эрх ашиг хөндөгдөж буй ийм асуудалд үүрэг хариуцлагаа ухамсарлан ажиллахыг өрсөлдөөн зохицуулалт, хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зах зээлийн судалгаа хариуцсан мэргэжилтэн З.Насанбат анхаарууллаа.

 

Холбоотой мэдээ