ОРОН НУТГИЙН ТӨСӨВ: Ц.Идэрсайхан: Төрийн захиргааны албан хаагчдын цалинг тодорхой хувиар нэмэгдүүлж тооцсон

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-11-29 18:08:13

Өвөрхангай /МОНЦАМЭ/. 2023 онд төсвийн сахилга батыг бүх шатанд хэрэгжүүлэх замаар төсвийн алдагдлыг зорилтот түвшинд хүргэх бодлого баримталж байна. Өвөрхангай аймгийн 2023 оны төсвийн хэмжээ, орлого, зарлага, онцлогийн талаар аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн дарга Ц.Идэрсайханаас тодрууллаа.

 

- 2023 онд Өвөрхангай аймаг улсаас хэчнээн төгрөгийн санхүүгийн дэмжлэг авах вэ, мөн орон нутгийн төсвийн орлого, зарлагын талаар мэдээлэл авья?

- 2023 онд аймгийн орон нутгийн төсвийн татварын болон татварын бус орлогыг 5.9 тэрбум, сумын төсвийн орлогыг 15.5 тэрбум төгрөгөөр, нийт төсвийн зардлыг 42.1 тэрбум төгрөгөөр төлөвлөж байна. Улсын төсвөөс 19.2 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг авна. 2023 онд Орон нутгийн хөгжлийн санд 9.8 тэрбум төгрөг хуваарилагдсан. Уг төсвийг алслалт, нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амыг харгалзан сум бүрт харилцан адилгүй хуваарилдаг. 2022 оны Төсвийн тухай хуульд зааснаар Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн 50 хувийг нь сумдад, 50 хувийг нь аймгийн ОНХС-д зарцуулна. 2023 онд аймаг Орон нутгийн хөгжлийн сангийн 4.3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 13 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.


- 2023 оны төсөв онцлог ихтэй батлагдсан. Тухайлбал, төрийн захиргааны албан хаагчдын цалинг орон нутагт хэрхэн нэмэгдүүлж байгаа вэ?

- 2023 оны төсөв бол Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх анхны төсөв юм.  Энэ жилийн төсвийн онцлог гэвэл төрийн захиргааны албан хаагчдын цалингийн тогтолцооны шинэчлэл хэрэгжиж байгаа. 2022 онд Засгийн газрын тогтоолоор эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарын болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах чиг үүрэг бүхий төрийн үйлчилгээний албан хаагчийн үндсэн цалинг нэг шатлал бүхий суурь цалинтай болгосон.  2023 онд энэ зарчмын дагуу төрийн захиргааны ангиллын албан тушаалын үндсэн цалинг нэг шатлал бүхий суурь цалинтай болгож байгаа.


Төрийн албан хаагчийг орон нутагт ажиллах сонирхлыг нэмэгдүүлэх, хотоос орон нутагт шилжин суурьших явдлыг дэмжих зорилгоор орон нутгийн нэмэгдлийг хоёр дахин нэмж байна. Үүний 20 хүртэл хувийн нэмэгдэлд шаардагдах хөрөнгийг улсын төсвөөс, үлдэх 80 хүртэл хувийн нэмэгдлийг орон нутаг өөрийн эдийн засгийн боломж, орлогоосоо хамаарч шийдвэрлэх эрхийг олгосон. Манай аймгийн хувьд улсын төсвөөс дэмжлэг авдаг аймаг учраас 80 хүртэлх хувиар нэмэгдүүлэх боломжгүй боловч тодорхой хувиар нэмэгдүүлж тооцсон.


Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 550 мянган төгрөг байхаар шинэчлэн тогтоосонтой холбогдуулан төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах, дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэй төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод хэмжээг 6 хувиар нэмэгдүүлэхээр тооцож төсөвт тусгасан.

 

- Төсвийн эрх мэдлийн хүрээнд сумдад давуу тал, боломжууд бий юу?

- Төсвийн тухай хуулийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулийн өөрчлөлтөөр Үл хөдлөх хөрөнгийн албан татвар, Газрын төлбөр, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 7.1-д заасан орлогод ногдох албан татварууд өмнө нь аймгийн төсвийн орлогод төвлөрдөг байсан бол 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс 100 хувь сумын суурь орлогод төвлөрүүлдэг болсон. Энэ хэмжээгээр сумдын төсвийн эрх мэдэл нэмэгдэж, орон нутаг бие даан хөгжих боломжийг олгож байгаа. 


Мөн 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр баталсан “Малын тоо толгойн албан татварын тухай хууль” 2021 оноос хэрэгжиж эхэлснээр сумд хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт тулгардаг олон асуудлыг Малын тоо толгойн албан татварын орлогоор бие даан шийдвэрлэх боломжтой болсон.


- Төрийн хэмнэлтийн тухай хууль аймагт хэр хэрэгжиж байгаа вэ?

- Төрийн хэмнэлтийн тухай хуулиар “Аймаг, сумын Засаг дарга нэгээс илүү орлогч даргатай байхыг, аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал зөвлөх чиг үүрэг бүхий орон тоог ажиллуулахыг хориглоно гэсэн заалтын дагуу нэг орлогч дарга, хоёр зөвлөхийг чөлөөлсөн.


Мөн Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 6.2-т “Аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргаас бусад этгээд албан тушаалын суудлын автомашин ашиглахыг хориглоно гэсэн заалтын дагуу аймгийн Засаг даргын а/415 тоот захирамжаар агентлаг, хэлтэс албадад ашиглаж байгаа автомашин хүлээн авах Ажлын багийг байгуулж, төрийн байгууллагуудын автомашиныг гарааш болон зогсоолд км-ийн заалтыг нь тэмдэглэж байршуулах, хөдөө, орон нутаг руу томилолтоор ажиллах нөхцөлд эрх бүхий албан тушаалтны зөвшөөрлөөр автомашиныг ашиглуулдаг байхаар зохицуулалт хийн ажиллаж байна.

- Мэдээлэл өгсөнд баярлалаа. 

Холбоотой мэдээ