П.Сайнзориг: Авлига, хээл хахуулийн гэмт хэрэгт өршөөл үзүүлэхгүй байхаар хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2022-12-14 11:03:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэрээ ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг “Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг авч хэлэлцээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Энэ удаагийн нэмэлт өөрчлөлтөөр авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах зүйл заалтыг чангатгахад анхаарсан” гэлээ.

 

Тэрбээр энэ тухайд "Тус  нэмэлт өөрчлөлтөд туссан зүйл заалтууд нь төв талбайд жагсаж буй жагсагчдын шаардлагыг үндэслэсэн.  Нэгдүгээрт, иргэдийн зүгээс авлига, албан тушаалын гэмт хэрэг дээр хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэдэггүй байхыг шаардаж буй. Манай улс Авилгын эсрэг конценцын зүйл заалттай нийцүүлж халдашгүй бүрэн эрх гэх үндэслэлээр халхавчлан хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэж ирсэн. Үүнээс хамаарч эрүүгийн хариуцлага хүлээдэггүй тохиолдол гардаг. Иймээс эрх бүхий этгээдээс хөөн хэлэлцэх хугацааг тоолоод эхэлсэн. Үүний зэрэгцээ хэрэг шийдвэрлэлтийн явцад бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг тавьж болно. Энэ тохиолдолд тухайн байгууллага эрх бүхий этгээдийн бүрэн эрхийн түдгэлзүүлэх шийдвэрийг гаргахгүй байгаа тохиолдолд хөөн хэлэлцэх хугацааг зогсооно. Улмаар эрх бүхий этгээдийн бүрэн эрхийн хугацаа зогссон цагаас эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолж, эрүүгийн хариуцлагад татах бололцоог хуулийн төсөлд тусгалаа.  


Түүнчлэн ялын бодлогыг чангатгах асуудлыг авч хэлэлцээд авлига, хээл хахуулийн хэрэгт торгуулийн ялыг хасаж тооцохоор боллоо. Мөн авлига, хээл хахуулийн гэмт хэрэгт өршөөл үзүүлэхгүй байхаар, эрх хасах ялыг 20 жил хүртэл байхаар, төрийн удирдах албан тушаалд бүх насаар нь ажиллуулахгүй байхаар, гэмт хэргийн замаар олсон хөрөнгийг хураадаг байх зэрэг зүйл заалтыг тодотгож оруулав. Авлигын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, хөрөнгө орлогын мэдүүлгийг УИХ-ын Ес зүйн дэд хороо шалгадаг байсныг Авлигатай тэмцэх газар шалгадаг байхаар зүйлчилж оруулж байна” гэв. 

Холбоотой мэдээ