СЭЛЭНГЭ: Н.Лхагвадорж: Сэлэнгэ аймгийг хөгжүүлэх судалгааг сум бүрээр гаргаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-01-16 16:16:07

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Монгол Улсын Засгийн газраас төсвөө өөрөө бүрдүүлсэн аймгуудад дэмжлэг үзүүлж, урамшуулсан байгаа. Энэхүү урамшууллыг хүртсэн 6 аймгийн нэгэнд Сэлэнгэ орсон. Ингээд аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржтой уулзаж ярилцлаа.


-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Сэлэнгэ аймаг өөрөө бие даан төсвөө бүрдүүлсэн амжилтаараа Засгийн газраас урамшуулал хүртлээ. Сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Сэлэнгэ аймгийг Монгол улсын Засгийн газрын өргөмжлөл, орон нутгийн хөгжилд чиглэсэн төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхэд зориулан 200 сая төгрөгөөр урамшуулсан. Энэхүү баярт мэдээг хуваалцаж, нийт Сэлэнгэчүүддээ баяр хүргэе.


Сэлэнгэ аймаг хоёр том уул уурхайн компаниасаа хараат үйл ажиллагаа явуулдаг. Энэ нь “Бороо гоулд” болон “Болд төмөр Ерөө гол” компаниуд. Эдгээр том уурхайн татварын орлогоос Сэлэнгэ аймаг төсвөө бүрдүүлдэг. Цаашид уул уурхайн том том компаниуд, аж ахуйн нэгжүүд бүгд Сэлэнгэ аймагт үйл ажиллагаагаа явуулах юм бол бид төсвийн орлогоо  бүрдүүлэх боломж бүрдэнэ. Ер нь Сэлэнгэ аймгийн Засаг дарга болон аймгийн удирдлагын багийн зүгээс аймагт үйл ажиллагаа явуулж байгаа газар тариалангийн бүх компаниудаа аймагтаа бүртгэлтэй байх шаардлага тавин ажиллаж байна. Цаашдаа ч гэсэн аймагт бүтээн байгуулалтын ажлыг хийх гэж байгаа ААНБ, иргэд, хувь хүмүүсийг аймгийн зүгээс дэмжин ажиллана.  

-Та Монгол Улсын Засгийн газрын сайдуудтай 2023 онд хамтарч ажиллах гэрээгээ байгуулаад ирлээ. Онцлог хийгдэх ямар ажлууд байна. Энэ талаараа тодруулж өгөөч?

-Монгол Улсын Засгийн газар дээр гэрээ хийгдлээ. Сэлэнгэ өөрөө төсвөө бүрдүүлж байгаа аймаг. 21 мянган иргэдийг Улаанбаатар хотоос гаргах үүрэг чиглэлүүдийг бүх аймгуудад өгсөн. Энэ хүрээнд бид 17 сумынхаа судалгааг гаргаж, аль суманд ямар үйлдвэрийг хөгжүүлэх асуудлаар. Жишээ нь Сайхан сумыг бетон үйлдвэрлэлийн гол бүс нутаг болгож, Улаанбаатар хотод байгаа бетон хийцийн үйлдвэрүүдийг Сайхан суманд татах бүхий л боломж бололцоог  бүрдүүлэх ажлыг судлаж байна.   


Сайдуудтай гэрээ хийхдээ боомтын сайдтай уулзсан. Боомтын сайдтай Алтанбулаг боомтын ажлуудыг хурдасгах, дээр нь Зэлтэрийн боомтын үйл ажиллагааны талаар ярилцсан. Тэнд томоохон хэмжээний уурхай нээгдэж байгаа. Иймээс энэ хүрээнд аймгийн төв Сүхбаатар хот дээрээ дулааны цахилгаан станцыг барих ажлыг ярьсан. Мөн Мандал, Сайхан сумдад цахилгаан станцыг барихаар төлөвлөж, уулзалтуудыг хийж байна. Сүхбаатар сумын дулааны цахилгаан станц нааштайгаар шийдэгдэж, 3-р сарын 1-нээс ажил нь эхэлнэ гэсэн 2 талын тохиролцоонд хүрсэн.  

Мөн Эрүүл мэндийн сайдтай тодорхой хэмжээний асуудлуудаар ярилцсан. Сэлэнгэ аймгийн хэмжээнд Нэгдсэн эмнэлэг дээр ваакум аккурционы өрөөг 800 сая төгрөгөөр байгуулахаар аймгийн ИТХ-аас шийдвэрлэсэн байгаа. Бид ЭМ-ийн сайдад хагалгааны өрөөний тоног төхөөрөмжийн асуудлаар хүсэлт тавьсан. Мөн Мандал сум дээр дэмжих төвийн асуудлыг бас ярьсан. Эдгээр асуудлуудыг шийдвэрлэхээр болсон.


Өнөөдөр манай удирдлагын багийнхан 17 суманд очиж уулзаж, ажилласны үр дүнд хичнээн машин техиник, тоног төхөөрөмж дутуу байгаагаа ЭМ-ийн сайдад хэллээ. Мөн барилга хот байгуулалтын сайдтай уулзаж, барилгын чанар, зураг төсвийн асуудлаар ярилцсан. Одоогоор яам дээр зураг төсвийн чиглэлээр 40 орчим тэрбум төгрөг байгаа юм байна. Үүн дээр 36 санал ирсэн гэсэн. Сэлэнгэ аймаг үүн дээр маш сайн анхаарал тавьж, 2024 онд улсын төсөв дээр суух  ажлуудынхаа зураг төсвийн саналуудыг явуулж, энэ ажлыг хийх шаардлагатай юм байна. Мөн зам тээврийн яамны сайдтай санал солилцоход Дарханаас гадна Алтанбулаг чиглэлийн замын ажил нэлээд нааштай явж байгааг дуулсан.  


Түүнчлэн Шадар сайдтай уулзаж нөхцөл байдлаа тайлбарласан. Шадар сайдын хувьд эрүүл бүс болох чиглэлийн ажилд анхаарч, зөвлөгөө өгөх, газар дээр нь ирж ажиллах, мэргэжлийн баг явуулж ажиллуулахаар тохирлоо. Мөн эрчим хүчний сайдтай уулзаж, хэд хэдэн асуудалд тодорхой хариулт авсан. Манай аймгийн “Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГ маш хүндрэлтэй явж ирсэн. Хэдийгээр мэргэжлийн баг ажиллаад санал гомдолгүй явж байгаа ч, цаана нь станцын байдал маш хүндрэлтэй, олон уурхайд өр төлбөртэй явж байна. Дахиад техникийн шинэчлэл дэвшил хийнэ. Дулааны станц орохоос өмнө нэлээд ажлууд хийгдэх шаардлагатай байгаа. Үүнийг салбарын сайд сонсоод газар дээр нь ирж асуудлуудыг шийдвэрлэнэ гэдгээ амалсан байгаа.

Ингээд аймгийн Засаг дарга миний хувьд Монгол Улсын Засгийн газар болон  Монгол Улсын сайдуутай уулзаад, Сэлэнгэ аймагт хийж хэрэгжүүлэх ажлуудаа тусгаад гэрээгээ байгуулаад ирлээ.


-Өнгөрсөн 7 хоногт аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсгүүд сумдад ажилласан. Ажлын хэсгүүдийн гол зорилго, чиглэл юунд байв. Таны хувьд Сэлэнгэ аймгийн хөгжлийг хэрхэн харж байна?

-Сэлэнгэ аймгийг хөгжүүлэхийн тулд 17 сумынхаа судалгааг гаргаж байна. Сая аймгийн удирдлагын багаас 17 сумдад 4 ажлын хэсэг гаргаж, нөхцөл байдлыг газар дээр нь үзэж, харж, ирсэн. Ажлын хэсгийнхэн явсан тайлангаа ирэх долоо хоногт аймгийн Засаг даргад тавих буюу дүгнэлт хийх ажил явагдана. Тухайн сумын хөгжлийн гарц гаргалаа юу байна, юугаараа онцлог, давуу юм. Ямар учраас энэ сум суурин газруудад байгуулагдсан юм гэдэг суурь судалгааг гаргах ёстой. Мөн үргэлжлүүлээд эрдэмтийн баг ажиллана. Тухайн сумыг ямар чиглэлд хөгжүүлж, тодорхойлж болох боломжийн судалгааг гаргана.


Сэлэнгийн зарим нэг сумд зөгийн бал, нөгөөх нь ногоогоор алдартай. Тэгэхээр үүнийгээ төрөлжүүлэх ажлуудыг хийнэ. Сэлэнгэ аймагт 2022 онд малын өвчлөл гараагүй. Иймээс цаашид 2023 онд ч өвчлөлгүй байх тал дээр анхаарч ажиллана. Бүх сумдад малын хөлийн татварын 30 хүртэлх хувийг малынхаа эрүүл мэндэд зарцуулах үүрэг чиглэл өгсөн. Үүний дагуу бид эрүүл малтай байж, цаашаа экспортын асуудал ярина гэдэг зарчмыг барьж ажиллана.

Цаашид Сэлэнгэ аймгийн удирдлагын багийн зүгээс аймгийн ИТХ-ын төлөөлөгчидтэй хамтарч 2023 оны 2 сараас эхлэн малчид, тариаланчдын зөвлөгөөнийг нэг бүрчлэн хийнэ.

Сэлэнгэ аймгийн бүхий л ажил мэргэжлийн болон иргэд хүмүүстэй уулзаж, байгаа нөхцөл байдлаа ойлгуулж, хөгжлийнхөө асуудлыг шийдвэрлэх нь үр дүнтэй ажил болох юм байна гэдгийг жилийн хугацаанд олж харлаа.


-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. 

Холбоотой мэдээ