СҮХБААТАР: Яс хадах хагалгааг орон нутагтаа хийх боломжтой боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-03-03 11:24:19

Баруун-Урт /МОНЦАМЭ/. Аймгийн нэгдсэн эмнэлэг орон нутагтаа яс хадах хагалгааг хийдэг боллоо. Өөрийн санхүүжилтээр буюу 15 сая төгрөгөөр дунд чөмөгний ясны хугарлыг хадах түгжээт хадаасны суурь, дунд чөмөгний ясны төвгөр дайрсан хугарлыг гамма хадаасаар бэхлэх суурь багаж, ясны дрилл болон бүх төрлийн ясны хугарлын үед яс боох кабелийн суурь иж бүрэн багажийг авч, үйлчилгээндээ нэвтрүүлжээ.


Орон нутагт ихэнх тохиолдолд явганаас унаж дунд чөмөгний ясаа хугалах нь элбэг байдаг бөгөөд энэ хагалгааг хийлгэхээр жилд дунджаар 20-30 хүн Улаанбаатар хотыг зорьдог байна. Яг энэ төрлийн хагалгааг 2021 онд 24, 2022 онд 29 иргэн хийлгэжээ. Харин одоо орон нутагтаа яс хадах хагалгааг хийж, цаашид нутагшуулах бүрэн боломжтой болсон байна. Ингэснээр Улаанбаатар хотыг зорих урсгал багасах, гуравдугаар шатлалын эмнэлгийн ачааллыг хөнгөвчлөх, цаашлаад иргэдийн цаг хугацаа, эдийн засгийг хэмнэх олон давуу талтай юм. 

Холбоотой мэдээ