Дэлхийд дөрвөн хүүхэд тутмын нэг нь усны хомсдолтой нөхцөлд амьдарч байна

ТОЙМ
ariunzaya@montsame.mn
2023-03-22 17:17:57

Улаанбаатар/МОНЦАМЭ/. Усны хомсдол дэлхийн түүхэнд дайн дажинд үрэгдсэн бүх хүнийг 10 дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний хохирол учруулна гэсэн үг бий

2023 оны Дэлхийн усны өдрийг “Ус ариун цэврийн байгууламжийн асуудлыг шийдвэрлэх өөрчлөлтийг хурдасгах” уриан дор олон улсад тэмдэглэж байна.

Эл өдөр дэлхий нийтээрээ усны ач холбогдлыг тодотгож, хүн төрөлхтөний усны талаарх мэдлэгийг дээшлүүлэх, цэвэр усаа зөв зохистой ашиглах, усны бохирдол, хомсдол зэрэг асуудалд анхаарч, дорвитой арга хэмжээ авахад үйл ажиллагаагаа чиглүүлдэг онцлогтой.

Манай улс энэ жил 22 дахь жилдээ Усны өдрийг тэмдэглэж байна. Тус өдөрт зориулан усны салбарын “Цэнхэр алт” үндэсний чуулганыг энэ сарын 24-ний өдөр зохион байгуулж, энэ үеэр эрдэмтэн, судлаачид Монгол орны усны нөөц, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэх юм.

Өнөөдөр дэлхийн дөрвөн хүүхэд тутмын нэг нь буюу хоёр тэрбум хүн усны хомсдолтой нөхцөлд байна гэсэн судалгааг ДЭМБ-аас гаргажээ. Тиймээс дэлхий нийтээрээ усны хэрэглээгээ хянаж, улс орнууд усаа цэвэршүүлэн дахин ашиглах, усыг тэтгэх мод тарихаас эхлээд цоо шинэ усны менежментийг нэвтрүүлэхийг уриалж байна. Мөн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй усны хомсдолд орж байгаатай холбогдуулан дэлхий даяараа яаралтай арга хэмжээ авч ажиллахыг НҮБ-аас анхаарууллаа.

Өнгөрсөн 80 жилийн хугацаанд Монгол Улс 2.25 хэмээр дулаарчээ. Энэ үйл явц зогсохгүй үргэлжилбэл 2100 он гэхэд 4-4.5 хэм хүртлээ дулаарах тооцоо гарсан. Монгол орон цөлжилтийн үнэлгээгээр нийт нутаг дэвсгэрийн 76.9 хувь нь буюу 120.3 сая га талбай доройтолтой байгааг албаныхан тодотгосон.


Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалж нуурууд ширгэж байгаа асуудлаар Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Гадаргын усны судалгааны хэлтсийн дарга Ц.Оюунбаатар ярихдаа,“Монгол орны жилийн дундаж температур өвөлдөө 2.6 хэм, зундаа 1.4 хэмээр нэмэгдэж байна. Жилийн нийлбэр хур тунадас 7.3 хувиар буурсан. Манай орны төвийн бүсэд эрчимтэй өөрчлөлт илэрч байна. Тухайлбал, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт орших алдарт Ганга нуурын усны түвшин дүүрэн байсан 1990-ээд оны сүүлчээс 1.5 м доошлон, түүний усан гадаргын талбай 2016 оны үеэс зургаа дахин хумигдав. Гол шалтгаан нь хэт халалт бөгөөд олон хоног үргэлжилсэн хур тунадасгүй байсантай холбоотой” гэв. Үүнээс үзвэл бид уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн усны хомсдолд ороход ойрхон байна.

Манай улсын нийт усны хэрэглээний тал хувийг газар тариалан, мал аж ахуйд хэрэглэдэг бол усан болон дулааны цахилгаан станц удаалж байна. Нийт усны 69 хувийг хөдөө аж ахуй, газар тариалангийн усалгаа, 19 хувийг аж үйлдвэрлэл, 12 орчим хувийг хотын оршин суугчдын унд, ахуйн хэрэглээнд ашигладаг гэсэн судалгаа бий. Гэхдээ өсөн нэмэгдэж буй хүн ам үйлдвэр, аж ахуйн нэгжийн хэрэгцээг одоогийн нөөцөөр хангах боломжгүйг анхааруулж байгаа юм.

УСНЫ ХЭРЭГЛЭЭ:

· Монголчууд цэвэр усныхаа 90 орчим хувийг газар доорх гүний усаар хангадаг.

· Манай улсын нэг сумын төвд 50 тонн бохир ус гардаг.

· Гэр хорооллын иргэд өдөрт 7-14 литр ус хэрэглэдэг бол орон сууцны оршин суугч 140-160 литр ус ашигладаг.

· Орон сууцанд амьдардаг айл өрх ахуйн хэрэглээний цэвэр усныхаа  70 гаруй хувийг  зөвхөн усанд орох, суултуурын ус татахад зарцуулдаг.

· Манай улсын 34 сумын ундны ус стандартын шаардлага хангахгүй байна.

Дэлхий нийтэд 1970-аад оноос эхлэн хаягдал усыг өндөр чанартай технологиор цэвэршүүлсний эцэст дахин ашиглаж эхэлсэн. Цэвэршүүлсэн усаар ногоон байгууламж услах, гудамж талбай цэвэрлэхэд түгээмэл ашиглаж байна. Хаягдал ус дахин цэвэршүүлэх, далайн усны давсыг шүүн цэвэрлэх туршлагаараа дэлхийд үлгэрлэж буй улс орон олон бий. Эдгээр улс орнуудын газар тариаландаа ашиглаж буй нийт усны 90 орчим хувийг цэвэршүүлсэн болон борооны ус эзэлдэг байна.

Нийслэлчүүдийн нэг жилийн усны хэрэгцээ 77 сая шоо метр бөгөөд нөөцөө нэмэгдүүлэхгүй бол удахгүй хэрэглээний хязгаарлалтад орохоос эхлээд Туул голын амьсгалыг таслах аюул тулгарна гэдгийг мэргэжилтнүүд сануулж байгаа. Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд 2030 он гэхэд хүн бүрийг аюулгүй, боломжийн үнэтэй ундны усаар хангах зорилт дэвшүүлж, хаягдал усныхаа 60 хувийг дахин цэвэршүүлэх зорилго тавьсан. Хаягдал усаа дахин боловсруулж, цэвэрлэснээр хүлэмжийн хийн ялгарлыг гуравны нэгээр бууруулах боломжтой юм байна. Энэ хүрээнд манай улс АНУ-ын Мянганы сорилтын корпорацтай хоёр дахь компакт гэрээнд 2018 онд гарын үсэг зурснаар Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэх цогц төсөл хэрэгжиж эхэлсэн. Уг төслийн хүрээнд ус дахин боловсруулах үйлдвэрийн барилгын ажил өрнөж буй бөгөөд 2025 он гэхэд ашиглалтад оруулна. Үйлдвэр ашиглалтад орсноор өдөрт 50 мянган шоо метр усыг дахин боловсруулах бөгөөд нийслэлийн орон сууцанд амьдарч буй айл өрхийн жилийн усны хэрэглээний 50 орчим хувьтай тэнцэх гүний цэнгэг усыг хэмнэх боломж бүрдэнэ хэмээн албаныхан мэдэгдсэн.


ДЭМБ-аас усны асуудлыг хүн амын эрүүл мэндэд анхаарч шийдвэрлэх, менежментийн арга барилаа өөрчлөх хэрэгтэй гэсэн зөвлөмжийг  улс орнуудад өгч байгаа. Манай улсын хувьд хүн амын тал нь нийслэл хотдоо төвлөрдөг бөгөөд хөрсний бохирдлоос үүдэлтэй гэр хорооллын гүний худгийн уснаас нитрат ундны усны зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 20 дахин их хэмжээгээр илэрч байсан. Улмаар Туул голын ай сав дагуу гадны нөлөөнөөс шалтгаалан усны хэмжээ багасч, олон хүчин зүйлээс шалтгаалан бохирдож татрах аюул тулгараад байгааг мэргэжилтнүүд сануулсаар ирсэн. Тэгвэл энэ хүрээнд  “Хөх морь” үндэсний хөтөлбөрийг санаачилж, бэлчээрийг усжуулах, говийн бүс нутгийг усаар хангах, саарал усыг дахин боловсруулах, нуур цөөрөм үүсгэх, ширгэсэн гол, мөрөн, булаг, шандыг сэргээхэд чиглэсэн ажлыг цаг алдалгүй өрнүүлэхээ Засгийн газрын тэргүүн мэдэгдсэн. Усны нөөцийн хуримтлал бий болгох дээрх төслийн хүрээнд 10 голын 33 байршилд усны нөөцийн хуримтлал, усан сан байгуулах ажил хийхээр төлөвлөжээ.


Ус бидний хувьд цоо шинэ сэдэв биш ч хэзээ ч хуучирдаггүй асуудлуудын нэг. Тиймээс бид усаа хайрлан гамнаж, зөв дадлыг бий болгох нь чухал. Үнэндээ байгалийн баялаг үнэ цэнтэйгээ тэнцэхүйц мөнгөн дүнгээр хэмжигддэг бол ус хүн төрөлхтөний хувьд үнэ цэнгүй байгаа нь нууц биш. Магадгүй усны хомсдол нүүрлэхэд ямар их үнэ цэнтэй зүйл вэ гэдгийг ухаарах биз. Тэр утгаараа Дэлхийн усны өдрөөр НҮБ, ДЭМБ-аас 2023 онд улс орнуудыг усны менежментийг тэргүүлэх чиглэлд авч үзэхийг уриалж, усны зөв бодлого хэрэгжүүлэхийг зөвлөлөө.

Холбоотой мэдээ