АРХАНГАЙ: 25000 гаруй хайлаасны суулгацаа суулгах газаргүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-05-01 09:45:36

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Архангай аймгийн ОБГ-аас санаачлан хоёр дахь жилдээ модны үрсэлгээ, суулгацыг бэлтгэж байна. Энэ ажилд ойн инженер, ахмад настан Ц.Дорждагва гуай оролцож, заавар зөвлөгөө өгдөг байна.

 

Тэд энэ хавар Тамирын голын, Сибирийн, Мөнгөлөг гэсэн гурван төрлийн 200 гаруй улиасны суулгацыг бэлтгэжээ. Мөчрөөр бэлтгэсэн дээрх суулгацуудыг ирэх намрын мод тарилтаар бортогоноос гаргаж, хөрсөнд шууд суулгах юм.

Мөн үрээр голт бор, шар хуайсны суулгацыг бэлтгэсэн байгаа ба ирэх хавар тоо нь мэдэгдэнэ. Хөрсөнд суулгахад бэлэн болно гэлээ.

Өнгөрсөн хавар үрээр 40 мянга гаруй хайлаас үрслүүлсэн нь өнөөдрийн байдлаар 25 мянга гаруй нь ургасан байна. Газрын хөрснөөс 40-50 см орчим ургасан, 100 хувийн амьдралттай эдгээр хайлаас моднуудыг тарих газар байхгүй байгааг ойн инженер Ц.Дорждагва гуай өгүүлж байлаа.


Тэрбээр “Бидэнд модны зурвас байгуулах газар зааж өгвөл эдгээр хайлаас моддыг тарина. Дараа жил энэ хавар бэлтгэсэн гурван төрлийн улиас, голт бор, шар хуайсаа суулгаад, арчлаад явахад бэлэн байна” гэв.

Холбоотой мэдээ