Орон нутгийн бичил, ЖДҮ, үйлчилгээ эрхлэгчдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-06-06 16:28:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮ-ийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгчийн хамтарсан “Бичил, ЖДҮ, үйлчилгээ эрхлэгчдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх дунд хугацааны хөтөлбөр батлах тухай” тушаалын дагуу орон нутгийн бичил, ЖДҮ эрхлэгчдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх сургалтыг 21 аймагт зохион байгууллаа.


Сургалтыг Европын Холбооны санхүүжилтээр ЕСБХБ  хэрэгжүүлж буй “Жижиг, дунд бизнесийн хүртээмжийг нэмэгдүүлэх замаар Монгол Улсын эдийн засгийн төрөлжилтийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд явуулсан юм.


Монголбанк, ХХААХҮЯ, СЗХ, ЖДҮГ, Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төв, Зээлийн батлан даалтын сан, Хадгаламжийн даатгалын корпорац, МҮХАҮТ хамтран хэрэгжүүлж буй дунд хугацааны хөтөлбөр нь Бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны давхардлыг арилгаж, харилцан уялдааг хангах, үр дүнг нэмэх замаар эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдал, хөгжилд хувь нэмэр оруулах, санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, хувийн болон санхүүгээ зөв удирдахад дэмжлэг болох юм.



Сургалтад өнгөрсөн онд нийслэлийн 9 дүүрэг, энэ онд  21 аймгийн 1700 орчим бичил, жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчийг хамрууллаа. Энэ үеэр ЖДҮ хөгжүүлэх сан, Хоршоо хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл авах журам, санхүүгийн бүтээгдэхүүнүүдийн талаар ойлголт, санхүүгийн байгууллагатай хэрхэн харилцах, бизнесийн дэмжлэг, туслалцааны  хөтөлбөрүүд, хямралын үеийн эрсдэл санхүүгийн удирдлага, цахим худалдаа, төлбөр тооцоо, хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл өгсөн юм. Түүнчлэн цаашид компанийн засаглал, бизнес төсөл боловсруулах, ААН-ийн санхүү, татварын тайлан гаргах, газар тариалан, сав баглаа боодол, борлуулалтын орлого нэмэх суваг, гарцыг нэмэх, зээлийг хэрхэн үр ашигтай зарцуулах, хүний нөөцийн чиглэлээр, даатгал, санхүүгийн менежмент, маркетинг, экспортод хэрхэн бүтээгдэхүүнээ гаргах, кластераар хөгжих сэдвээр сургалтад хамрагдах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Холбоотой мэдээ