Үйлдвэрийн гудамж, Гачуурт-Шархад чиглэлийн замын ажил 50 гаруй хувьтай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-08-04 08:49:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын Чингисийн өргөн чөлөөнөөс Баруун үйлдвэрийн гудамж хүртэлх 1.2 км урт, дөрвөн эгнээ авто зам, 33 метр урт гүүрний ажил 52 хувийн гүйцэтгэлтэй байна.


Үүнээс гүүрний явах ангийн цутгалт дуусаж, хучилтын ажил хийхэд бэлэн болжээ. Энэ сарын сүүлч гэхэд  ашиглалтад оруулах бөгөөд авто замын далангийн дүүргэлт, борооны ус зайлуулах шугам, хашлага суурилуулах үргэлжилж байна. Авто замын трассын нөлөөлөлд өртсөн нэг нэгж талбар буюу “Эрэл групп” ХХК-ийн ашиглалтаас гарсан төмөр замыг албадан чөлөөлсөн ч тус компанийнхан ажил хийхэд саад учруулсаар байгаа.


Замын ажлыг гүйцэтгэгч “Тотал-Инж” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Анхбаяр, -Говийн замыг Мишээл экспотой холбосон гүүр барьж байна. Гүүрийг энэ сарын 20 гэхэд, замын ажлыг 10 дугаар сард дуусгана. Мөн Гачууртын авто замаас Шархадны автобусны эцсийн зогсоол хүртэлх 4.27 км авто зам, Улиастай голын 97.3  метр урт төмөр бетон гүүрний ажил хийж байна. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхэлсэн энэ бүтээн байгуулалт 50 гаруй хувьтай байгаа. Нийт найман дам нуруу тавьсан. Гүүрэн байгууламжийн хувьд нэг нэгж талбарын газар чөлөөлөлт хийгдээгүй, үүнээс УСУГ-ын харьяа 449 дугаартай цэвэр усны худаг шилжүүлэх шаардлагатай” гэлээ.



Нийслэлийн Замын хөгжлийн газрын Зам барилга, инженерийн байгууламжийн хяналтын хэлтсийн мэргэжилтэн Б.Одбаяр, “Түгжрэлийг бууруулах хүрээнд Улиастай, Гачууртын зам, Зайсангийн гүүр, Наадамчдын замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх гүүрэн зам, Ард Аюушийн өргөн чөлөөг Толгойтын замтай холбох замын ажил үргэлжилж байна. Нийтийн тээврийн чиглэлүүдийг хөгжүүлэхээр эдгээр замыг дөрвөн эгнээ тавьж байгаа. Шархадны автобусны эцсийн зогсоол хүртэлх энэ зам ашиглалтад орсноор Гачууртын замын ачаалал 50 хувь буурах юм хэмээв. 

Холбоотой мэдээ