Оливер Корфф: Монгол Улсын зөөлөн хүчний бодлогод монгол судлал их хувь нэмэр оруулна
ТОЙМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Германы монгол судлаач, доктор Оливер Корфф олон улсын монголч эрдэмтдийн XII их хурлын “Монголын нийгэм, эдийн засаг, улс төр, хууль цааз” салбар хуралдаанд “Үндсэн хуулийг оюуны түүхийн эх сурвалжаар унших: Монгол Улсын Үндсэн хуулийн 100 жилийн түүх” (Reading Constitutions as sources of intellectual history: 100 years of Constitutions in Mongolia) илтгэл тавьсан юм. Хурлын үеэр түүнтэй уулзаж ярилцлаа.
-Монголын Үндсэн хуулийг
судалсан гадаадын монголч эрдэмтэн маш цөөхөн байх. Та яагаад энэ сэдвийг
сонгох болов?
-Энэ сэдвийг сонгох болсон нь миний өөрийн түүхтэй холбоотой. 1990-ээд оны эхээр намайг Монголд сурч байхад буюу 1992 оны 2 дугаар сард Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсан. БНМАУ гэдгээ болиод Монгол Улс хэмээн нэрлэгдэх болсон үе. Би шинэ Үндсэн хуулийн талаар олон хүнтэй ярилцаж, өмнөх үгийг уншаад Монголын тусгаар тогтнол, иргэдийн хүний эрх, эрх чөлөөний тухай маш тодорхой тусгасан анхны хууль байна гэж бодсон. Танай шинэ Үндсэн хуулийг монголоос герман хэл рүү орчуулахаар шийдээд 1992-1993 оны үед ажлаа эхэлсэн боловч түүнийг хэвлэх газар олдоогүй. Монголд буцаж ирсэн байхдаа хуучин номын захаас Монголын хуучин Үндсэн хуулийн 2-3 ном олж аваад уншиж үзэхэд шинэ Үндсэн хуулиас огт өөр байсан. Танай Үндсэн хуулийн түүхийг судлах болсон нь эндээс эхлэлтэй. Монголын анхдугаар Үндсэн хууль 1924 онд бичигдсэн, ингээд 1940 онд хоёрдугаар Үндсэн Хууль батлагдсан. Харин 1940-өөд онд маш их нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. Анхдугаар хуультай харьцуулахад 95 зүйлтэй болсон. 1957 он гэхэд 108 зүйлтэй болж нэмэгдсэн. Гуравдугаар Үндсэн хуульд 1960-аад онд социализмын үг хэллэгийг нэлээд оруулсан. Тухай үед ЗСБНХУ-тай найрамдалт харилцаатай байсантай холбоотой байх л даа. Коммунизмын үед төр мөхөж, дараа нь үндсэн хууль хэрэггүй болно гэсэн санаа байсан гэдгийг энд дурдахгүй өнгөрч болохгүй.
Миний бие 1924-1992 он хүртэлх бүх Үндсэн хуулийг монгол, герман хоёр хэлээр тайлбар оруулсан бүтээл хэвлүүлнэ гэж бодож явдаг. Энэ бол одоогоос 15 жилийн өмнө төлөвлөсөн миний төлөвлөгөө.
Монголчуудын 1992 онд батласан шинэ Үндсэн хууль гэхэд 30 жилийн түүхтэй болчихлоо. Тиймээс энэ нь ард иргэдэд ямар ашигтай байна вэ, монголчуудад ер нь тохирч байгаа юм уу гэдгийг одоо хэлэлцэж шийдэж болно.
Ер нь бол социализмын үеийн Үндсэн хууль, одоогийн Үндсэн хууль хоёрын хооронд асар их ялгаа бий. 1924-1960 оны Үндсэн хуулиудыг Зөвлөлтийн загвараар бичсэн. Өөрөөр хэлбэл, монгол хүн бичиж, засаагүй.
-Яг үүнтэй холбоотой
асуултыг таньд тавих гэж бодож байлаа.
1992 оны шинэ Үндсэн хуулийг бичихдээ ХБНГУ-ын Үндсэн хуулиас нэлээд авсан гэж гэдэг шүү дээ. Энэ хэр үндэслэлтэй юм бэ?
-Тийм ээ, санаа авсан зүйл бий. Гэхдээ шинэ Үндсэн хууль нь жинхэнэ Монголын, монголчуудын өөрсдөө бичсэн хууль. Германаас авсан тэр жижигхэн зүйлүүд нь хувь нэмэр болж, танай улс орон, иргэдэд ашигтай байсан болов уу. Бас нэгэн ялгаа гэвэл 1991 оны үед шинэ Үндсэн хуулийг бичиж байхад эрдэм шинжилгээний хэсэг байгуулагдан ажилласан. Тэр багт олон улсын хуулийн мэргэжилтнүүд, тэр дундаа германы мэргэжилтнүүд оролцсон. Харин Зөвлөлтийн үед бол "танай Үндсэн хууль ийм байх ёстой" гэж шууд тулгасан байдаг.
-Та ХБНГУ-ын Үндсэн хууль,
Монгол Улсын 1992 онд батлагдсан шинэ Үндсэн хуультай харьцуулж уншсан байх...
-Тэгэлгүй яах вэ, энэ хоёр хууль нэлээд ялгаатай гэдгийг хэлмээр байна. Жишээ нь парламентын систем, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын эрх мэдэлтэй холбоотой заалтууд байна. Хамгийн гол нь Үндсэн хуулиудад тусгагдсан ижил зүйл гэвэл хүний эрх, эрх чөлөөг тусгаж өгсөн явдал. Герман, Монгол хоёр бол өөр өөр түүхтэй улс орнууд. Түүнээс гадна Монголын 1992 оны шинэ Үндсэн хуулинд иргэн, төр хоёрын харилцааны талаар маш тодорхой заасан. Социализмын үеийн хуулинд бол дандаа ард иргэн гэж заасан байдаг. Иргэн биш, ард иргэн эсвэл олон нийт. Иргэн хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой асуудал дээр нэг жишээ дурдья. 1992 оноос өмнөх Үндсэн хуулинд иргэд 8 цагаас илүү ажиллаж болохгүй гэж оруулсан байх жишээтэй. Таны ажилладаг байгууллагатайгаа байгуулсан ажлын гэрээн дээр л иймэрхүү зүйлийг тусгагдах ёстой шүү дээ. Ер нь бол иймэрхүү нарийн заалтуудыг Үндсэн хуулинд оруулах шаардлагагүй байдаг.
-Сая бид олон улсын монголч эрдэмтдийн
их хуралд тавьсан таны илтгэлийн талаар товч ярилцлаа. Одоо танаас монголч эрдэмтний тань хувьд хэдэн асуулт асуумаар байна. Та 1990 оноос хойш эрдэм шинжилгээ судалгааны чиглэлээр манай ШУА-д ирж ажиллаж байсан ХБНГУ-ын анхны
эрдэмтэн байх аа?
-Тийм ээ. Анх Монголын газар нутагт хөл тавьсан үе гэвэл 1981 он. Харин 1991 оноос Монголд ажиллаж амьдарч байсан. Тэр үед би ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд хуучин монгол бичгийг компьютерийн программд оруулах төсөл дээр ажиллаж байлаа. Түүнээс гадна Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнуудтай хамтран монгол хэлний толь бичгийн төлөвлөгөөг гаргасан. 1990-ээд оны дундуур ШУА дээр хуучин монгол болон кирилл бичгийг компьютерийн программд оруулах талаар хичээл зааж байсан. Мөн хэзээ ч хэвлэгдэж байгаагүй "Чин улсын толь бичиг" буюу 1794 онд бичигдсэн “Хааны бичсэн таван зүйлийн үсгээр хавсарсан Манж үгний толь бичиг” ( товчилсон нэр нь “Таван хэлний толь бичиг”)-ийг хэвүүлэх ажилдаа орсон. Энэ нь манж, түвд, хятад, монгол, цагадай хэлний, 18671 үгтэй толь бичиг юм.
-Та монгол судлалаар 1991
оноос ажиллаж байна. Энэ хугацаанд дэлхий дахинаа монгол судлал хэрхэн хөгжиж байна вэ?
-Хөгжиж байна, гэхдээ Герман, Франц, Америк гээд ер нь аль ч улс оронд монгол судлаачид цөөхөн байдаг. Энэ нь геополитикийн бодлогоос хамаардаг. Санхүүжилт нь ихэвчлэн геополитикээс хамаардаг. Манай Герман хоёр хуваагдсан байх үеийн зүүн Германд орчин үеийн Монголыг судалж байсан. Вальтер Хайсиг гэж манай Баруун Германы нэртэй монголч эрдэмтэн байв. Монголын түүх зэргийг судладаг шавь нар нь ч бий. Вальтер Хайсиг нь Олон улсын Алтай судлалын байнгын хурал (PIAC) байгуулсан бөгөөд нарийн бичгийн даргаар нь ажиллааж байсан. Би энэ жил тус холбооны нарийн бичгийн даргаар томилогдсон. Ташрамд дурдахад, тус холбоо нь 1957 онд анх байгуулагдсан. Саяхан Казахстаны Астана хотноо ээлжит хурлаа хийлээ.
-Та өмнөх олон улсын
монголч эрдэмтдийн их хурлуудад оролцож байсан байх. Энэ удаагийн их хурал өмнөх хурлуудаас
ямар ялгаатай болж байна вэ?
-Анх 1992 онд болсон олон улсын монголч эрдэмтдийн их хуралд оролцсон. Түүнээс хойш нэлээд хэдэн их хуралд оролцсон. Миний бодлоор бол онцын ялгаа байхгүй. Мэдээж өөрчлөлтүүд бий. Оролцож буй гадаадын эрдэмтдийн тоо улам нэмэгдэж, олон улсад цар хүрээгээ улам тэлж байна. Миний бодлоор энэ их хурал нь Монголын олон улсын тавцан дээр зохион байгуулж буй нэгэн чухал үйл явдал. Мөн Монгол Улсын зөөлөн хүчний бодлогод монгол судлал, эрдэм шинжилгээний ажил их хувь нэмэр оруулна. Тиймээс Монгол Улсын хувьд 5-6 жилд энэ их хурлыг зохион байгуулвал их хэрэгтэй болов уу гэж бодож байна.
-Гадаадад залуу монголч
эрдэмтэд шинээр төрж байна уу?
-Байгаа. Нэлээд хэдэн
жилийн өмнө Германд залуу монгол эрдэмтэд цөөхөн байсан бол сүүлийн үед
нэмэгдсэн. Сайн монгол хэлтэй, эрдэм
шинжилгээ судалгааны ажил хийж буй гадаадын эрдэмтэд нэлээд нэмэгдсэн. Тэдний бүтээлийн талаарх яриа илтгэлийг сонсоход
судалгааны ажил нь их сайн байна гэдгийг хэлмээр байна.