Ю.Цэдэнбал агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2016-09-17 14:05:16

Монголын төрийг 44 жил удирдсан төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Маршал, Хөдөлмөрийн баатар Юмжаагийн Цэдэнбал агсаны мэндэлсний 100 жилийн ой  тохиож байна.

 Юмжаагийн Цэдэнбал агсны алдар гавьяаг мөнхжүүлж, түүний мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоол, Ой тэмдэглэх тухай Засгийн газрын 333 дугаар тогтоолын хүрээнд комисс байгуулан хөтөлбөр баталсан.

Энэ хүрээнд Монголын үндэсний Төв музейд “Алдар гавьяаны замнал” үзэсгэлэн, Тусгаар тогтнолын ордонд Ц.Жамбалсүрэн “Монгол цэргийн нэрт зүтгэлтэн Маршал Ю.Цэдэнбал, Д.Төрбат “Маршалын нууц товчоон” номын нээлт болсон.

Тэгвэл өглөөний 8.00 цагт Төр засгийн удирдлагууд, журмын нөхөд, гэр бүл төрөл төрөгсөд нь Алтан Өлгий дэх түүний шарилд хүндэтгэл үзүүллээ. Үүний дараа Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөсөн юм. Цэцэг өргөх ёслолд  Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, Ю.Цэдэнбал агсны төрсөн дүү Ю.Аюуш нарын хүмүүс оролцов. Яг одоо Сүхбаатарын талбайд, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын “Бүх нийтийн хүндэтгэлийн тоглолт” болж байна. Мөн 100 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд эхэллээ. 

Дашрамд дурдахад өчигдөр Ю.Цэдэнбалын 100 жилийн ойд зориулсан Баярын хурал, хүндэтгэлийн концертыг Соёлын төв өргөөнд хийсэн юм.

Б.Заяа

Холбоотой мэдээ