Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Айбек Артыкбаевыг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
b.tuul@montsame.gov.mn
2023-10-06 09:21:55

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Айбек Артыкбаевыг энэ сарын 5-нд хүлээн авч уулзав.


Сайд Б.Батцэцэг Киргиз Улстай уламжлалт найрсаг харилцааг гүнзгийрүүлэн бэхжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын зорилтын нэг болохыг тэмдэглээд Элчин сайд А.Артыкбаев-ыг Монгол, Киргизийн уламжлалт найрсаг харилцааг ахиулах, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулах, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров-ын энэ онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн нарын ярьж, тохирсон асуудлыг бодит ажил хэрэг болгох чиглэлээр нягт хамтран ажиллахын төлөө байгаагаа уулзалтын үеэр илэрхийлэв.


Талууд дээд, өндөр түвшний айлчлал хэрэгжүүлэх, боловсрол, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, тэр дундаа Засгийн газрын тэтгэлгээр монгол, киргизийн оюутан залуусыг харилцан сургах, Улаанбаатар-Бишкек чиглэлийн шууд нислэгийг сэргээх, ноос, ноолуурын үйлдвэр эрхлэгчид хоорондын хэлхээ холбоо тогтоох,  “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Киргизийн “Ногоон өв” санаачилгатай уялдуулан хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцав.


Элчин сайд А.Артыкбаев Киргиз Улсаас Монгол Улсад суугаа анхны Элчин сайдын хувиар хоёр улсын харилцааг үсрэнгүй хөгжүүлэх, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, бизнес хоорондын харилцааг идэвхжүүлэх чиглэлд голчлон анхаарч ажиллахаа илэрхийллээ. Түүнчлэн тэрээр Киргиз Улсын Аялал жуулчлалын хөгжлийг дэмжих сангаас тус улсыг сурталчлах арга хэмжээг ирэх 11 дүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулах саналтай буйгаа илэрхийлээд Монголыг сурталчлан таниулах арга хэмжээг Бишкек хотноо 2024 онд зохион байгуулахыг санал болгов.

Холбоотой мэдээ