ӨВӨРХАНГАЙ: Олноо өргөгдсөн Монгол Улсын төрийн анхны туг Шанхын хийдэд хадгалагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-12-29 13:24:25

Арвайхээр, 2023 оны арванхоёрдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанхын баруун хүрээ хийдэд Олноо өргөгдсөн Монгол Улсын төрийн анхны туг хадгалагдаж байна.


1911 онд тусгаар тогтнолоо зарласан Олноо Өргөгдсөн Богд Хаант Монгол Улсын хамгийн түрүүнд шийдвэрлэсэн чухал зүйл нь дэлхийн нийтийн жишгийн дагуу “Төрийн далбаа”-тай болсон явдал юм. VIII Богд хааны зарлигаар Монгол төрийн далбаа нь төр, шашныг ариунаар мандуулах утга санааг илэрхийлсэн өнгө, хэлбэр, хэмжээ, бэлгэдлийн зүйлсийг агуулснаараа онцлог. Энэ үед хааны ордон, төрийн яам, зэрэг газрын дээр хийсгэх далбааг гурван ам буюу 3x1 харьцаатай (нэг ам нь 70x70см) босоо дөрвөлжин хэлбэртэй байхаар зааж, шар торгоор урлаж, дээд доод болон ишний талыг улаан торгоор хөвөөлдөг байжээ.


Чингис хааны Их хар сүлдийг Баруун хүрээ хийдэд тахидаг байсан уламжлалыг даган Монгол Улс 1911 онд тусгаар тогтнолоо олж авахдаа төрийн шинэ тугаа энд хадгалан үлдээсэн байдаг.


Арвантавдугаар жарны Цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу аргын тооллын 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр бол 200 гаруй жил үргэлжилсэн Манжийн дарлалаас чөлөөлөгдөн, Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгон, Монгол төрийг сэргээн байгуулж, Богд Жавзандамбаа улсын хаанаар өргөмжлөн, тусгаар тогтносон, бие даасан улс болсноо дэлхий нийтэд албан ёсоор тунхагласан өдөр юм.


Энэ тэмдэглэлт өдрөөр Шанхын Баруун Хүрээ хийдэд хадгалагдаж байгаа төрийн тугийг эх хувиар нь гаргаж олон нийтэд үзүүлдэг уламжлалтай. Орон нутгийн удирдлага, хийдийн санаачилгаар уг тугийг мандуулах, цэнгүүлэх ёслолын үйл ажиллагааг 2014 оноос эхлэн уламжлал болгон тогтоожээ. 


Шанхын хийд буюу Баруун хүрээ хийдийн туурь нь Хархорин сумын Шанх багийн төвөөс урагш, 4 км орчим зайд Харзан голын баруун эрэгт, Сайхан булгийн дэнж хэмээх газар оршдог.


Холбоотой мэдээ