Улаанбаатар хотын ачаа тээврийн нэгдсэн логистикийн төв байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-01-16 12:05:38

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Нийслэлд одоогоор тээвэр зууч, логистикийн үйлчилгээ эрхэлдэг 200 гаруй аж ахуйн нэгж Улаанбаатар, Амгалан, Толгойт өртөөний 362 салбар төмөр замаар дамжуулан импорт, экспортын ачаа барааг хүлээн авах, илгээх үйл ажиллагаа явуулж байна.


Энэ нь түгжрэл, газар ашиглалтад сөргөөр нөлөөлөх томоохон хүчин зүйлсийн нэг болоод буй юм. Иймд “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-иас нийслэлийн зүүн урд зүгт, хотын төвөөс 34 км зайд, 130 га талбайд нийслэлийн ачаа тээврийн нэгдсэн логистикийн төв байгуулах төсөл хэрэгжүүлж байна. Уг төсөл дөрвөн үе шаттай, 2050 он хүртэл хэрэгжих юм. Энэ оны эхний улиралд төслийн I, II шатны бүтээн байгуулалтыг, улмаар 2025 оны эхний улиралд тус төвийн үйл ажиллагааг эхлүүлэхээр төлөвлөжээ.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг нар тээвэр, логистикийн үйлчилгээ эрхлэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, нийслэлийн ачаа тээврийн нэгдсэн логистикийн төв байгуулах төслийн талаар санал солилцлоо.


П.Сайнзориг “Алтанбулаг болон Замын-Үүд боомтоор орж ирж буй ачаа тээвэр Улаанбаатар хотод ирж, түгээгддэг. Улаанбаатар хотын дундуурх төмөр зам, түүнээс салаалсан олон салбар төмөр зам дээрх хөдөлгөөн нь авто замын түгжрэлд нөлөөлж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчмийг бууруулдаг. Иймд нийслэлийн хоёр захад тээвэр ложистикийн төв байгуулахаар ерөнхий, хэсэгчилсэн төлөвлөгөөнд тусгасан” гэв.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Тээвэр ложистикийн үйл ажиллагаа эрхэлдэг бүх байгууллагыг хотын хоёр захад гаргана. Ингэхдээ хоёр төвийн үйл ажиллагааг хооронд нь уялдуулах шаардлагатай. Мөн тухайн байгууллагуудын үйл ажиллагааны тэгш оролцоог хангана. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Улаанбаатар хоттой хамтын ажиллагаатай олон улсын байгууллагуудтай уулзаж, санал солилцох, хувийн хэвшлийн байгууллагууд санаачилгатай оролцох хэрэгтэй байна” хэмээлээ.


Уулзалтад ирсэн төлөөллүүд Улаанбаатар хотын ачаа тээврийн нэгдсэн логистикийн төв байгуулахдаа байгууллагуудын бодлогыг нэгтгэж, тодорхой болгох нь зүйтэйг хэлж байв.

 

Холбоотой мэдээ