NEAR холбооны бүгд хуралд Дундговийн Засаг дарга оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-09-27 22:02:49

ОХУ- ын Эрхүү мужид болж буй Зүүн хойд Азийн бүсийн орнуудын орон нутгийн төр захиргаадын холбооны 11 дүгээр бүгд хуралд Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ ЗДТГ-ын гадаад харилцааны мэргэжилтэн В. Сайнбилэг нар оролцож байна.

Өнгөрөгч зун БНСУ- ын Кёнсанбүг мужийн Пухан хотод байршдаг Зүүн хойд Азийн нутгийн засаг захиргаадын холбооны Хэрэг эрхлэх газрын Төлөвлөлт, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Квон Нам Вон Дундговь аймагт айлчилсан. Тэрээр наймдугаар сард болох Зүүн хойд Азийн залуу удирдагч форум, есдүгээр сард ОХУ- ын Эрхүү хотод болох NEAR холбооны 11 дүгээр бүгд хурал, 11 дүгээр сард болох “NEAR-2016 Олон улсын форумын зарыг биечлэн хүргэж, гишүүн орон нутгийн хувьд Дундговь аймгийг төлөөлөн аймгийн Засаг даргыг гадаад харилцааны мэргэжилтний хамтаар бүгд хуралд оролцохыг урьсан.  

Ээлжит бүгд хурлаар Зүүн хойд Азийн бүсийн орнуудын орон нутгууд ирээдүйн хөгжлийнхөө төлөө өөр хоорондоо нягт хамтран ажиллах, ингэснээр Зүүн хойд Азийн байр суурийг дэлхий дахинд бататгах, энэ бүс дэхь улс орнуудын хөгжилд хувь нэмэр оруулах хамтын ажиллагааны тухайд ярилцаж байгаа ажээ.

Бүгд хурал энэ сарын 29-ныг дуустал үргэлжилнэ.

Т. Отгонтуяа         

Холбоотой мэдээ