БАЯНХОНГОР: М.Бадам Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан цол хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-02-09 16:19:31

Баянхонгор, 2024 оны хоёрдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Баацагаан сумын харьяат Мөнхийн Бадам 90 насныхаа босгон дээр төрийн тэргүүний зарлигаар Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан цол хүртэж, шагналыг УИХ-ын дарга Г.Занданшатар гардууллаа. 


Тэртээ 1953 оноос Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдэлд үйлчлэгчээр ажлын гараагаа эхлүүлж байсан тэрбээр Баацагаан сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагч, улмаар Баацагаан сумын МАХН-ын үүрийн орлогч даргаар 10 гаруй жил ажилласан байна. Тэр үеийн нэрээр Намын дээд сургуулийг /одоогийн удирдлагын академи/ 2 жил, 4 жилийн үндсэн ангид суралцаж дүүргэн, 1978 оноос Баян-Овоо, Баянлиг сумын МАХН-ын үүрийн нарийн бичгийн даргаар 1990 он хүртэл ажиллахдаа тухайн сумдынхаа намын ажлыг аймагтаа удаа дараа тэргүүлүүлж, тэргүүн туршлагаа хуваалцаж явсан хөдөлмөрч түүхтэй нэгэн.


Монгол Улсын хэмжээнд хөдөө аж ахуйн салбарт сум нэгдлийн даргаар хоёр эмэгтэй  ажиллаж байсны нэг нь М.Бадам.


М.Бадам хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх, иргэдийг соён гэгээрүүлэх, нам төрийн бодлогыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ тухайн үед ажлаар явж байх үедээ малчны хотонд хоёр ч хүүхдийг эх барьж авч байсан хүйн ээж юм.



Холбоотой мэдээ