Технологийн компаниуд сонгуультай холбоотой буруу ташаа мэдээлэлтэй тэмцэхээ амлав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-02-18 10:43:00

МЮНХЕН, 2024 оны хоёрдугаар сарын 18 /Reuters/. Энэ жил дэлхий дахинд болох сонгуулийн үеэр хиймэл оюун ухаанаар бүтээсэн хуурамч, төөрөгдүүлсэн мэдээлэл бүхий контент тархахаас урьдчилан сэргийлэх чиглэлд хамтран ажиллахаа мэдээллийн технологийн салбарын томоохон компаниуд амлалаа.


Мюнхений аюулгүй байдлын бага хурлын үеэр 20 компани холбогдох гэрээнд гарын үсэг зурсны дунд Microsoft, OpenAI, Google, Meta, TikTok, X /хуучнаар Twitter/ зэрэг компаниуд багтжээ. Талууд хиймэл оюун ухаанаар бүтээсэн хуурамч аудио, дүрс бичлэг, дүрсийг илрүүлэх технологийг хөгжүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцсон байна.


АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль зэрэг дэлхий дахины анхаарлыг татсан олон сонгууль энэ онд болохоор товлогдоод байгаа энэ үед хуурамч мэдээлэл тархахаас урьдчилан сэргийлэх нь томоохон сорилт болоод байна. Тухайлбал, энэ оны нэгдүгээр сард Нью-Хэмпширийн оршин суугчид АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены дуу хоолой бүхий автомат дуут зурвас хүлээн авсан бөгөөд үүнд тус муж улсын ерөнхийлөгчийн анхан шатны сонгуульд санал өгөхгүй байхыг олон нийтэд уриалжээ.

Холбоотой мэдээ