Орон нутагт зам, давааны цасыг цэвэрлэсээр байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-02-26 16:45:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дархан, Өвөрхангай, Архангай аймгийн нутгаар өнөөдөр бага зэргийн цас орж, бусад нутгаар зам даваа саадгүй, цаг агаар тогтуун, авто замаар зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.


Тодруулбал, Дархан-Эрдэнэт чиглэлийн авто замд шар усны үер, үерийн аюулаас сэргийлж ус зайлуулах хоолойн амсрын цас, шороо, хогийг цэвэрлэж, Дархан-Сүхбаатар чиглэлийн авто замын 226-232 км-т зорчих хэсэг, хөвөөн дээр тогтсон цасыг зориулалтын машинаар шүүрдэж арилгав. Мөн, Мөрөн-Улиастай чиглэлийн 397-398 дахь километрт халиа тошин, халтиргаа гулгаа үүссэн хэсгийн замыг түр хааж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхээр туслах зам гаргаж байна.



Манхан-Булган чиглэлийн авто замын Бага улаан даваа, Бодончийн хавцалаас улсын хил хүртэлх авто замын цасыг хусаж, давс цацлаа. Ховд-Улаангом чиглэлийн авто замын 21-23 км-т Буянт голын халиа тошин үүссэн хэсэгт уртасгасан цагаар хамгаалалтын далангийн шороо нэмжээ.


Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн авто замын 292 км-т замын зорчих хэсэгт тогтсон цасыг авто ачигчаар цэвэрлэж, Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн авто замын 0-50 км-т, Өндөрхаан-Баруун Урт чиглэлийн авто замын 60-66 км-т цас хусаж, цасны машинаар цас цэвэрлэж байгааг Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас мэдээлэв.

 


 

Холбоотой мэдээ