Харилцаа холбооны хуулийг өөрчлөх ажил хуулийн хэрэгжилтийг үнэлэхээс эхэлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-03-21 17:49:46

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. ЦХХХЯ өнөөдөр Харилцаа холбооны хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хэлэлцүүлгийг “Туушин” зочид буудалд зохион байгууллаа.

Хэлэлцүүгийн талаар хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсгийн гишүүн, Харилцаа холбооны зохицуулах хорооны газрын дарга А.Лувсан-Очироос тодруулав.  


-Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажил ямар шатанд явна бэ?

-Юуны өмнө Харилцаа холбооны тухай хуулийн хэрэгжилтийн үр дүнг үнэлэх хэрэгтэй байгаа. Тодруулж хэлбэл, хуулийн хэрэгжилт ямар байна, хуулийн ямар зүйл, заалтыг цаг үед нийлцүүлэн сайжруулах, эсвэл шинэ ямар зохицуулалтыг оруулж ирж, шаардлагагүй нь юу байгааг шинжилж судалсан.

Мөн энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй оператор компаниудад ямар хүндрэл гарч, тулгарч байна гэдэг дээр анхаарч дүгнэсэн. Үүн дээрээ тулгуурлан Харилцаа холбооны тухай хуулийг өөрчлөх шаардлагатай байгааг гаргасан. Үнэлгээгээр Харилцаа холбооны зохицуулах хороотой холбоотой чиг үүргүүдийг хуулиар зохицуулах шаардлагатай байгааг тогтоосон.


Харилцаа холбооны тухай хуулийн хэрэгжилтийн үр дүнг үнэлэх ажлыг 2023 онд ЦХХХЯ-ны захиалгаар хуулийн хөндлөнгийн байгууллагаар хийлгэжээ.



-Шинжилгээ судалгаагаар хуулийн зарим заалт хэрэгжээгүй хэмээн гарсан гэсэн үү?

-Ийм заалт хэд хэд гарсан. Гэхдээ энэ нь хэрэгжээгүй гэхээс илүү өөр хуулиар зохицуулж байсан гэсэн үг. Тиймээс давхар зохицуулалттай заалтуудыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзсэн. Цаашилбал:

  • Мэргэжлийн хяналтын нэгдсэн бүтэц (МХЕГ татан буугдаж салбарын яамдад ирсэнтэй холбоотойгоор) байхгүй болсонтой холбоотойгоор хяналт шалгалтыг багасгах, давхар хянахгүй байх зохицуулалтыг хуулийн төсөлд тусган оруулах,
  • Цахим шилжилттэй холбоотойгоор ЦХХХЯ, салбар дундын зохицуулалтын чиг үүрэг, бүрэн эрхийг тодорхойлж өгөх,
  • Харилцаа холбооны зохицуулах хорооны хараат бус, бие даасан, тогтвортой, мэргэжлийн байдлыг хангах зэрэг шаардлага байгаа гэв.


Холбоотой мэдээ