Харилцааны түвшинг “Иж бүрэн түншлэл”-д хүргэх баримт бичгийн төслийг эцэслэн тохирохоор болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
oyundelger@montsame.gov.mn
2024-04-09 13:51:23

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Гадаад харилцааны яам, Австралийн Холбооны Улсын Гадаад хэрэг, худалдааны яам хоорондын 5 дугаар зөвлөлдөх уулзалт боллоо.


Уулзалтын үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах, худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл, хөдөө аж ахуй зэрэг нийгэм, эдийн засгийн бүхий л салбарыг хамран өргөтгөсөн түншлэлийн хүрээнд идэвхтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа талууд илэрхийлэв. Мөн Монгол, Австралийн харилцаа, хамтын ажиллагааг үнэлж дүгнэн, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэснийг дурдаад, иргэд хоорондын харилцаа өргөжин бэхжиж буйг тэмдэглэжээ.


Түүнчлэн талууд Монгол, Австралийн харилцаа, хамтын ажиллагааны цар хүрээг харгалзан хоёр орны харилцааны түвшинг ахиулан “Иж бүрэн түншлэл”-д хүргэх баримт бичгийн төслийг ойрын хугацаанд эцэслэн тохирч, дээд, өндөр түвшний айлчлалын хүрээнд тунхаглан зарлаж, харилцааны түүхэн шинэ хуудсыг нээхэд онцгойлон анхаарахаа нотлов.

Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр хоёр улсын Засгийн газар хооронд Агаарын харилцааны тухай, Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээрийг байгуулах, Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн квотыг нэмэх, “Ажиллах, амрах виз”-д хамрагдах иргэдийн тоог харилцан нэмэхийн төлөө буйг илэрхийллээ.


Тэргүүн туслах нарийн бичгийн дарга Сара Стори Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр нь Монгол Улсын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэт хувь нэмэр оруулж буйг онцолж, хоёр талын харилцаа НҮБ, олон улсын байгууллагын хүрээнд гүнзгийрэн хөгжиж байгаад баяртай байгааг илэрхийлэн, жендерийн эрх тэгш байдал, уур амьсгалын өөрчлөлтөд хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэжээ.


Зөвлөлдөх уулзалтын үеэр Монгол Улсын Үндэсний статистикийн хороо, Австралийн Статистикийн хороо хооронд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.


Хоёр тал 2014 оноос ГХЯ хоорондын зөвлөлдөх уулзалтын механизмтай болсон бөгөөд энэ нь Монгол, Австралийн харилцааны байдал, төлөвийн талаар санал солилцох, хамтын ажиллагааны болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар ярилцаж, уялдаа холбоог хангахыг зорьдгийг ГХЯ мэдээллээ. 

 

Холбоотой мэдээ