В.Путин: Орос, Хятад хоёр улс эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлэх сонирхолтой байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2024-05-18 12:31:50

ХАРБИН,  2024 оны тавдугаар сарын 18 /TASS/. Орос, Хятад улсууд "Сибирийн хүч- 2" зэрэг эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа дахин нотолсон тухай ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Хятадад хийсэн төрийн айлчлалынхаа үеэр сэтгүүлчдэд мэдэгджээ. 


“Би яг одоо техникийн нарийн ширийн зүйлсийг хэлэхэд бэлэн биш байна. Хятадын эдийн засаг тэлж байгаа учраас эдгээр төслийг хэрэгжүүлэх сонирхлоо хоёр талын аль аль нь нотолсон. Энэ өсөлтийг үргэлжлүүлэхийн тулд эрчим хүчний нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай, Оросоос нийлүүлэхээс илүү найдвартай зүйл гэж байхгүй. Манай хоёр улс асар том газар нутгаар хиллэдэг, энд хэн ч хөндлөнгөөс саад хийж чадахгүй” гэж В.Путин хэлсэн байна.


Үүний зэрэгцээ, ямар ч хориг арга хэмжээ Орос, Хятадын худалдаанд саад болохгүй, учир нь төлбөрийг үндэсний мөнгөн тэмдэгтүүдээр хийнэ гэж Оросын төрийн тэргүүн онцлон тэмдэглэжээ.


“Тийм ч учраас хоёр талын аль аль нь сонирхлоо нотолсон. Нэг талаас байгалийн хийн хэмжээг нэмэгдүүлэх сонирхол, нөгөө талаас Хятадын зах зээл дээр борлуулалт хийх сонирхол байна. Энэ бол үргэлж нарийн төвөгтэй үйл явц байсаар ирсэн. Мэдээжийн хэрэг, үнийн асуудал, хэн нь хэр их орлого олох вэ? гэдэгт гол асуудал бий. Гэсэн хэдий ч стратегийн хувьд хоёр талын аль аль нь эдгээр төслийг хэрэгжүүлэх сонирхолтой байгаа бөгөөд бид хэрэгжүүлэх болно" гэж В.Путин нэмж дурджээ. 


Төслийн тухайд

“Сибирийн хүч-2” бол Ямал, Баруун Сибирийн нутгаас Хятад руу хийн хоолой тавих төсөл бөгөөд уг хоолой жилд 50 тэрбум шоо метр хий дамжуулах хүчин чадалтай байх юм. Оросын тал өнгөрсөн оны 12 дугаар сард мэдээлэхдээ, “Газпром”, Хятадын “CNPC” компаниуд хийн хоолойг тавих нөхцөлийг эцэслэн тохиролцсон, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх хийн хоолойн ТЭЗҮ, зураг төслийг боловсруулах ажил эхлээд байна гэжээ. 

Холбоотой мэдээ