Үндэсний их баяр наадмаар зодоглох бөхчүүдийг бүртгэж эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2233, Их монгол улс байгуулагдсаны 818, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадамд зодоглох 512 бөхийг өчигдрөөс бүртгэж эхэллээ.
Бүртгэлийг гурван өдрийн турш 10:00-19:00 цагийн хооронд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулна. Барилдах бөхчүүд цолны үнэмлэх, иргэний үнэмлэх, цээж зурагтайгаа өөрийн биеэр ирж бүртгүүлэх ажээ. 512 бөхийн барилдааны эхний өдөр Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын аварга О.Хангай тэргүүтэй 50 орчим бөх бүртгүүлсэн байна.
Харин хүүхдийн барилдаанд зодоглох 16 хүртэлх насны бөхчүүдийн бүртгэл өнөөдөр эхэлж, маргаашийн 18:00 цаг хүртэл Монголын хүүхдийн ордонд үргэлжлэх аж. Бүртгүүлэхдээ төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, хоёр хувь цээж зурагтай өөрийн биеэр очиж бүртгүүлнэ.