Голууд үерлэж байгаа тул орон нутгийн замд болгоомжтой зорчихыг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.tuul@montsame.gov.mn
2024-08-08 10:34:55

Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Сүүлийн өдрүүдэд томоохон гол мөрнүүд үерлэж байгаа тул орон нутгийн замд сэрэмж болгоомжтой зорчихыг Зам, тээврийн яамнаас анхааруулж байна.


Тухайлбал, энэ сарын 6-ны өдрийн байдлаар Сэлэнгэ, Хараа, Орхон гол үертэй, Хэнтий, Дадал сум орчимд Онон голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 20-30 см нэмэгдсэн байна.


Мөн Босгийн гүүр-Улаанбаатар-Алтанбулаг болон Лүн сумын чиглэлд Туул гол үерийн аюултай түвшинг давжээ. Дорнод, Эрээнцав орчимд Эг, Улз гол, Хонгон-Чойбалсан чиглэлд Хэрлэн гол үерийн түвшинг 5-35 см давж, үерийн аюултай түвшинд хүрсэн байна.


Мөнгөнморьт-Багануур-Өндөрхаан чиглэлд Хурх, Барх, Онон, Балж, Хэрлэн гол үерлэсэн аж. Сэлэнгэ мөрөн, Орхон голын дунд болон адаг хэсгээр усны түвшин 5-20 см, Хэрлэн гол Өндөрхаан-Чойбалсан хот орчимд 5-15 см-ээр нэмэгдэхээр байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулав.



Холбоотой мэдээ