“Шаншан” хар салхины улмаас Японы баруун өмнөд нутагт хөрс нуржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2024-08-29 16:56:13

ТОКИО, 2024 оны наймдугаар сарын 29 /Kyodo/. Японы баруун өмнөд нутгийн Кюшү арлыг “Шаншан” нэртэй хар салхи дайран өнгөрсний улмаас хөрс нурсан талаар тус улсын Цаг уурын агентлаг мэдээллээ. Аадар бороо орж, хүчтэй салхилсны улмаас гурван мужид 40 гаруй хүн бэртэж гэмтжээ.


Цаг уурын агентлагаас байгалийн гамшигт үзэгдэлд нэрвэгдсэн бүсийн оршин суугчдад сонор сэрэмжтэй байхыг уриалсан байна. Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч компаниуд галт тэрэгний хөдөлгөөн, нислэгүүдийг цуцалжээ. Шуурганы улмаас зарим өрхийн гэрэл цахилгаан тасарсан байна.


Хар салхины улмаас хөрс нурсны дараа 10:30 цагт Кагошима мужийн ихэнх хэсэгт хүчтэй хар салхины сэрэмжлүүлгийн түвшнийг бууруулжээ. Төмөр замын "Central Japan Railway" компани баасан гаргийн өглөөнөөс эхлэн Японы төв нутгийн Мишима-Нагоя хотын хоорондох суман галт тэрэгний үйлчилгээг түр зогсооно гэж мэдэгджээ. Энэ шугам нь Токиог баруун нутгийн Осака хоттой холбодог.


Лхагва гаргийн орой зарим суман галт тэрэгнийхээ үйл ажиллагааг түр зогсоосон "Kyushu Railway" пүрэв гаргийн үдээс хойш арлын бүх хурдны болон бусад галт тэрэгний үйлчилгээг түр зогсооно гэж мэдэгдсэн бол агаарын тээврийн "Japan Airlines", "All Nippon Airways" компаниуд тус бүс нутагт хийх олон нислэгийг цуцалжээ.


Кагошима, Кумамото, Миязаки мужийн захиргаанаас мэдээлснээр, пүрэв гаргийн байдлаар хар салхины улмаас 40 хүн гэмтэж бэртсэн байна. Лхагва гаргийн шөнө Кагошимад 60 гаруй насны нэгэн эрэгтэй усан онгоцон дээрээс унасны дараа сураггүй болсон гэж Японы эргийн хамгаалалтын албанаас мэдээлжээ.


Пүрэв гаргийн өглөөний 10:00 цагийн байдлаар Кюшү бүс нутгийн долоон мужид 254 мянга орчим оршин суугч цахилгаангүй болсон гэж "Kyushu Electric Power" мэдэгдээд, цаашид энэ тоо нэмэгдэж магадгүй болохыг анхааруулсан байна. Кагошима, Миязаки мужид суурин утасны сүлжээ тасалдсан гэж "Nippon Telegraph" компани мэдээлжээ.


Японы төв нутгийн Айчи мужийн Гамагори хотын захиргаанаас мэдээлснээр, хар салхины нөлөөгөөр хүчтэй аадар бороо орсны дараа байшин нь хөрсний гулсалтад өртсөний улмаас гурван хүн амиа алдаж, хоёр хүн бэртэж гэмтсэн байна.


Томоохон автомашин үйлдвэрлэгчид хар салхинд өртсөн бүс нутаг дахь зарим үйлдвэрийнхээ үйл ажиллагааг түр зогсооно гэдгээ мэдэгдсэн байна. Тухайлбал, Тоёота Мотор компани 14 үйлдвэрийнхээ үйл ажиллагааг баасан гараг хүртэл зогсооно гэж мэдэгджээ.


Хар салхинд нэрвэгдсэн бүс нутгийн оршин суугчдад хүчтэй салхи, далайн давлагаанаас сэрэмжтэй байхыг анхааруулж, нөхцөл байдал хүндрэхээс өмнө нүүхэд бэлэн байхыг Цаг уурын агентлагаас сэрэмжлүүлжээ. Кюшү арлын зарим хэсэгт 24 цагийн турш 600 мм хур тунадас орох төлөвтэй байна. Хүчтэй салхи, аадар бороо зарим нутгаар удаан хугацаагаар үргэлжлэн орох тул учирч болзошгүй аюул нэмэгдэж болзошгүй гэж тус агентлаг мэдээлсэн байна.

Холбоотой мэдээ