Өнгөрсөн сард 34 улсын 11 мянга гаруй иргэнд цахим виз олгожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-09-09 16:15:41

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрсөн наймдугаар сард гадаадын 5140 иргэнд визийн зөвшөөрөл, 1497 иргэнд виз, цахим визийн evisa.mn системээр 34 улсын 11866 иргэнд виз олголоо.


Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн гадаадын 2429 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 3923 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунган, 912 иргэний бүртгэлийг хасжээ.


Түүнчлэн төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэх, үйлчлүүлэгчдийн цаг, зардлыг хэмнэx, үйлчилгээний төвлөрлийг сааруулахаар гадаадын иргэний оршин суух үнэмлэхийг Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн нэг цэгийн үйлчилгээний төвд нэгдсэн байдлаар олгож байгаа. Өнгөрсөн сард 4913 үнэмлэхийг шинээр хэвлэж, 1524 иргэний үнэмлэх олгов.


Цахим үйлчилгээний нэгдсэн системээр 14382 иргэний хүсэлтийг хүлээн авч шийдэж, Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөл, түүний сунгалт, түр ирэгчийн бүртгэл, хасалт, визийн хугацаа сунгах, бүртгэлийн дугаар олгох, оршин суух үнэмлэх олгох, хэвлэх, төлбөрийн буцаалтын асуудлаар 7769 иргэнд зөвлөгөө, мэдээлэл өгсөн байна.


Манай улсад өнгөрсөн сарын байдлаар албан болон хувийн хэргээр оршин суух бүртгэлтэй 36807 гадаадын иргэн байгаагаас хөдөлмөр эрхлэгч 15895, хөрөнгө оруулагч 4532, гэр бүлийн зорилгоор 4256, цагаач 1879, суралцагч 7830, хувийн бусад зорилгоор 1832, түр ирсэн бүртгэлтэй 7082 хүн байсныг ГИХГ мэдээллээ. 

Холбоотой мэдээ