Дугуйчид ДАШТ-ий холимог багийн уралдаанд 15 дугаар байр эзэлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-09-27 11:34:27

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Засмал замын дугуйн ДАШТ Швейцарын Цюрих хотноо үргэлжилж байна.


Түүхэндээ анх удаа олон тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож буй манай улс холимог багийн уралдаанд хурд сорьж, 15 дугаар байр эзэлжээ. Ингэснээр Монголын баг Олон улсын дугуйн холбооны чансааны 20 оноо авсан байна. Олон улсын дугуйн холбооноос эмэгтэй тамирчдын оролцоог нэмэгдүүлэх бодлогын хүрээнд 2019 онд холимог багийн уралдааныг ДАШТ-ий хөтөлбөрт оруулсан байдаг.


Тус төрөлд анх удаа өрсөлдсөн Монголын багийн бүрэлдэхүүнд С.Жамбалжамц, Б.Тэгшбаяр, Х.Тэмүүлэн, Э.Энхмаа, Ж.Анужин, Ц.Солонго нар багтжээ. Багийн уралдаанд нийт 20 баг өрсөлдсөнөөс манай улс Болгар, Эквадор, Рванда, Афганистан, Алжирыг ардаа үлдээсэн байна.


Өчигдөр ДАШТ-ий өсвөрийн ангиллын уралдаан болсон бол өнөөдөр 23 хүртэлх насныхан 173.6 км-т шандас сорих болно.




Холбоотой мэдээ